Ч.Батпүрэв
Монголын санхүүгийн зах зээлийн холбоо"-ны Ерөнхийлөгч Өлзийбаярын Ганзоригтой ярилцлаа.
Монголд сүүлийн жилүүдэд уул уурхайн олон төслүүд хэрэгжиж байгаа. Эдгээр төслүүдийг яаж санхүүжүүлдэг, хөрөнгө санхүүг нь хэрхэн шийддэг талаар уншигчдад мэдээлэл өгөх үүднээс санхүүжилтийн тухай яриагаа эхлэх үү?
Уул уурхай төслүүдийг бид 2 шатанд хувааж авч үзэх ёстой. Нэгдүгээрт, хайгуулын хэсэг байгаа. Өргөн уудам газар нутгийн аль хэсэгт нь, ямар хэмжээтэй, ямар ашигт малтмалын орд байгаа вэ гэдгийг илрүүлэхийн тулд маш их хөрөнгө, техникийн мэдлэг шаардагддаг. Тухайн газарт хайгуул хийгээд ашигт малтмал олдохгүй бол энэ их хөрөнгө зүгээр л салхинд хийснэ гэсэн үг. Хоёрдугаарт орд газраа олсоныхоо дараа түүнийг ашиглах тухай асуудал яригдана. Ордыг ашиглахад баяжуулах үйлдвэр барина. Жишээлбэл, Оюу Толгой төсөлд ашигт малтмал нь гүнд байдаг учраас гүний уурхай, ил уурхай гэсэн 2 үндсэн хэлбэр байдаг. Алтны хувьд шороон орд, үндсэн орд гэж ярьдаг. Манайд үйл ажиллагаагаа явуулж байгаа нүүрсний ордуудын хувьд ашиглалтын үеийн хөрөнгө оруулалт багатай байдаг. Харин Оюу Толгой, өөр бусад алт, зэсийн гүний ордууд олдож байна. Эдгээр ордын ашиглалтын зардал, хөрөнгө оруулалт бол харьцангуй их байдаг. Тэгэхээр ийм үндсэн 2 зүйлийг анхаарч хардаг. Санхүүжилт нь үүнтэй уялдаж гарч ирнэ. Хайгуулын шатанд 2 төрлөөр санхүүжүүлж байгаа. Нэгдүгээрт, Засгийн газар юм уу, үндэстэн дамнасан корпорациуд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж хайгуул хийж байна. Эсвэл олон улсын хөрөнгийн бирж дээр жижгэвтэр хайгуулын компаниудын хувьцааг гаргадаг. Энэхүү хувьцааг нь зөвхөн хайгуулын компанийн хувьцааг худалдаж авах сонирхолтой хөрөнгө оруулалтын компани, хувь хүмүүс худалдаж авдаг. Харин ашиглалтын үед бүх зүйл тодорхой болж ирдэг. Энэ үед асуудал нэлээд ойлгоцтой, төлөвлөлттэй, техник эдийн засгийн үндэслэлтэй болчихсон байдаг учраас хувьцаа гэхээсээ илүү бондын зах зээл рүү гардаг. Олборлолтын шатанд бол томоохон төслүүдийн анхаарах зүйл бол техник, мэдлэг л байгаа юм. Мэдээж нэр хүндтэй компани байж хөрөнгө оруулагч олддог. Өөрөөр хэлбэл үндэстэн дамнасан уул уурхайн компани, эсвэл нэг улсын Засгийн газартай хамтарсан компани ч юм уу. Тухайлбал, Оюу Толгой орд дээрх жишээний нэг юм бол уу гэж би ойлгодог. Эцсийн дүнд тухайн компанийн хувьцаа, бондыг авч байгаа хүмүүс нь хэн байдаг вэ гэхээр даатгалын компани, хөрөнгө оруулалтын сангууд, нийгмийн даатгалын сангууд, хөрөнгө мөнгөтэй хувь хүмүүс байдаг. Аливаа нэг бүтээн байгуулалтын цаана магадгүй Америкийн жирийн нэг багш, Монголын нийгмийн даатгалд шимтгэл төлж байгаа залуу байдаг юм шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Олон улсын санхүүгийн зах зээлийн гол үндсэн утга нь хөрөнгө хэрэгтэй байгаа бүтээн байгуулалт, ирээдүйд ихээхэн ашиг олох төслүүдэд хөрөнгийн хуримтлалаа өсгөхөд нь туслах хүмүүсийг уулзуулж өгдөг юм.
Тэгвэл Оюу Толгойн гэрээ бидэнд хэр ашигтай байдлаар хийгдсэн гэж та үзэж байна?
Би өөрөө олон жил диллерээр ажилласан хүн. Аливаа эдийн засгийн шийдвэрийг зөв байсан уу, буруу байсан уу гэдгийг зөвхөн өнгөрсөн хойно нь л мэддэг. Мэдээж хэлцэл хийхдээ аль болох өөртөө ашигтай байхаар хийдэг. Гэхдээ гэрээнд оролцогч талд хоёуланд нь харилцан ашигтай байхаар нөхцлийг тохирох ёстой байдаг. Жишээлбэл, Оюу Толгой төслийн хувьд би гэрээ хэлцэлд нь оролцоогүй. Тиймээс эдийн засагч хүний зүгээс хэлэхэд, Монгол улсын хувьд энэ гэрээг маш хурдан хийж төслийг маш хурдан эхлүүлэх нь л бидэнд ашигтай. Яагаад гэвэл өнөөдөр Монгол улс хорт хавдарын өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Сүүлийн 20 жилийн турш Монгол улс боловсролын системээ хаяснаас болоод мэргэжлийн ажилтан хомс байна. Уул уурхайн компанид мэргэжилтэй ажилтан авах гээд олдохгүй байна. Хамгийн гол нь бага болон дунд шатны боловсролын систем орхигдчихсон байгаа юм. Боловсрол, эрүүл мэнд дээр нэмээд хүмүүсийн сайхан амьдрах орчинг бүрдүүлэхийн тулд манай улсад ажлын байр бий болгодог уул уурхайн салбар хэрэгтэй байна. Хоёрдугаарт бидэнд мөнгө хэрэгтэй байгаа байхгүй юу. Оюу Толгойн орд олдсон гээд 2004, 2005 оноос шуугиж эхэлсэн. Тэр үед би энэ төсөл хурдан эхлээсэй гэсэн ганц л юм боддог байсан. Маш хурдан эхлэх ёстой. Төрийн эрх барьж байгаа хүмүүс ард иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд хамгийн боломжийн түвшинд хэлцэл хийж байгаа байх гэдэгт би итгэж байна. Хоёрдугаарт Оюу Толгой гэдэг бол нэг л төсөл. Би Монголд дахиад Оюу Толгойн хэмжээний арван хэдэн төсөл байгаа байх гэж бодож байна. Оюу Толгой, Энержи Ресурсын Ухаа худаг төсөл, Тавантолгой зэрэг ордын үйл ажиллагааг би маш хурдан эхлээсэй гэж бодож байгаа. Ингэснээр маш олон ажлын байр бий болно.
Өнөөдөр олон монголчууд уул уурхайн төсөлд ажиллаж эхэлж байна. Үүний ард тухайн хүн цалин авч гэр бүлээ авч явж байгаа. Мөн Монголын компаниуд уул уурхайн компанийн ханган нийлүүлэгч болж байна. Энэ мэтээр монголчууд уул уурхайн ашиг шимийг хүртэж байгаа нь хангалттай юу?
Би сүүлийн үед нэг зүйлийг анзаараад байгаа. Яагаад дэлхий даяараа гадаадын хөрөнгө оруулалтыг дэмждэг юм бэ. Гэтэл яагаад Монголд сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг хандлага явж эхлээд байна вэ гэдэг асуудал дээр их эмзэглэж явдаг. Өнөөдөр Монгол улс үндэснийхээ аюулгүй байдал болон ард иргэдийнхээ хөгжил дэвшлийг хангахын тулд бид гадаадын олон талт хөрөнгө оруулалтыг оруулж ирэх ёстой. Ингэж байж манай үндэсний аюулгүй байдал хангагдана. Нөгөө талаас эдгээр улсууд зөвхөн мөнгө авчирдаггүй юм. Бид өөрсдөө химийн, электроны нарийн технологийг үйлдвэрлэж чадах уу, менежментийн дэлхийд тэргүүлсэн туршлага байна уу, байхгүй. Үүнийг тэр гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгөтэйгөө цуг авчирдаг юм.
Оюу Толгойгоос эдийн засгийн хувьд ямар ирээдүй, найдлага хүлээгдэж байна вэ?
Монгол улс бол Оюу Толгой төсөл биш. Оюу Толгой ч Монгол улс биш. Оюу Толгой төслийн эдийн засагт оруулах хувь нэмрийг хэтэрхий томоор хараад тэр нь сөрөг уур амьсгал бий болгоод байна уу гэж би хардаг. Уул уурхайн төслүүд хамтдаа орж ирсэнээрээ Монголын эдийн засаг ирэх 4-5 жилд 3 дахин өснө. Оюу Толгой дээр маш олон мэргэжилтэй ажилтнууд бэлтгэгдэнэ. Эдгээр ажилчид зөвхөн Оюу Толгойд ажиллахгүй. Оюу Толгой дээр бэлтгэгдчихээд өөр уурхайнууд руу шилжинэ. Мөн Оюу Толгой дээр Монгол захирлууд ажиллах байх гэж би ойлгож байгаа. Ингээд Оюу Толгой дээрээс сурсан юмаа өөр төслүүд дээр Монголд цаашлаад олон улсад хэрэгжүүлж болох юм. Оюу Толгой бол өнөөдөр манай боловсролын системийн бүрэн хийж чадахгүй байгаа мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ачааллыг ч үүрч байгаа. Үүрд уул уурхай Монголыг авч явахгүй. Бид 20-30 жилийн дараа эдийн засгаа цэвэр мэдлэгт суурилсан эдийн засаг руу шилжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, мэргэжилтэй ажилтнуудаас мэргэшсэн эрдэмтэд болж төлөвших ёстой юм.
Манай улс анх удаа ийм том төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төсөл ашигтай наймаа болов уу, ашиггүй болчих болов уу?
Олон улсуудтай өрсөлдөж түрүүлэхийн тулд бидэнд бэлтгэл хэрэгтэй. Бидэнд бэлтгэл хийх мөнгө хөрөнгө хэрэгтэй. Бид 5 жил хүлээсэн бол Оюу Толгойн 50 хувийг авах байсан байж магадгүй. Гэхдээ би эдийн засагчийн хувьд хэзээ ч тэр алхмыг сонгохгүй. Учир нь Монгол улс дахиад 5 жил хүлээвэл ард иргэд илүү их хорт хавдраар өвчилнө. Боловсролгүй байдал, ядуурал улам гүнзгийрнэ. Хэрвээ бид 5 жил Оюу Толгойн 30 хувийг авах уу? 50 хувийг авах уу гэж хэрэлдсээр байгаад үлдэх юм бол бусад улсууд биднийг 50 жилээр хол орхино. Эдийн засагт зөв наймаа гэдэг бол цаг үеэ олсон, эрсдлээ сайн тооцсон, тухайн үед хамгийн байж болох ашигтай хувилбарыг хийсэн наймааг хэлнэ. Оюу Толгойн талаар 8 жил хэлцэл хийж байгааг би дэндүү оройтсон гэж үзэж байгаа. Хэрвээ 2008 онд Оюу Толгой төсөл эхэлсэн бол ард иргэдийн амьдрал одоогийнхоос хамаагүй илүү дээр байх байсан гэж хэлнэ.
Танай холбооны хувьд ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
Олон улсын санхүүгийн зах зээлийн холбоо гэж байгаа. Энэ холбоо нь дэлхийн 64 оронд салбар зөвлөлтэй. Манайх бол 62 дахь салбар гишүүн орон нь болж элссэн. “Монголын санхүүгийн зах зээлийн холбоо” нь 2004 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш бид санхүүгийн мэргэжлийн хүмүүс, ард иргэд, сэтгүүлчдийн санхүү эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр тасралтгүй ажилласан. Их, дээд сургууль бус боловсрол сургалт сурталчилгааны чиглэлээр ажилладаг хамгийн том холбоо юм. Одоогийн байдлаар манай холбооноос 4 макро эдийн засгийн индикаторыг эрхлэн гаргаж байгаа. Жишээлбэл, “Нээлттэй нийгэм” хүрээлэнтэй хамтарч гаргадаг “Хэрэглэгчийн хүлээлтийн индекс” гэж байгаа. Улирал болгон 1000 хүнээс судалгаа авч тухайн ард иргэдийн эдийн засгийн хүлээлтийг хэмждэг үйл ажиллагаа байгаа. Өдөр болгон үр дүн нь гардаг Улаанбаатарын банк хоорондын хүү гэдэг индикаторыг гаргадаг. Мөн “Өнөөдөр” сонин дээр санхүүгийн зах зээлийн нүүр 2008 оноос гарч эхэлсэн. Засгийн газрын болон яам тамгын газрын ажлын хэсгүүд, зөвлөх хороод, эрдэмтдийн зөвлөлд манай холбооноос байнга төлөөлөл орж санал бодлоо илэрхийлж ажилладаг.
Leave a Reply
You must be logged in to post a comment.