-Оюу Толгой ХХК археологи, палеонтологийн дурсгалыг хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлж байна-
Оюу Толгой ХХК-ийн Соёлын өвийн менежментийн системийн ажилтан, доктор Д.Амарбаясгалантай ярилцлаа.
Монголын өмнийн говь бол түүх соёлын өлгий нутаг. Үүн дотроо археологи, палеонтологийн дурсгалт зүйл ихтэй. Оюу Толгой ХХК энэ чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
Оюу Толгой компани уурхайн үйл ажиллагаанаас түүх соёлын дурсгалт зүйлд үзүүлэх нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгах зорилготой ажилладаг. Бид МУ-ын холбогдох хуулийн дагуу соёлын өвийг хамгаалах олон төрлийн ажил зохион байгуулж байна. Уул уурхайн компанийн үйл ажиллагаа барилгын ажил буюу газар хөндөх ажилтай салшгүй холбоотой учраас хамгийн эхэнд нөлөөнд ордог зүйл бол археологи, палеонтологийн дурсгал байдаг. Тиймээс хамгаалах механизмтай, түүнийгээ хэрэгжүүлж, дагаж мөрддөг байх нь чухал. Бид энэ үүргээ хоёр байдлаар хэрэгжүүлдэг. Нэгдүгээрт, аливаа барилгын ажлыг эхлүүлэхээс өмнө археологи, палеонтологийн хайгуул судалгаа урьдчилан хийдэг. Хоёрдугаарт, барилгын ажлын явцад түүх соёлын дурсгал гэнэт илэрвэл барилга, уурхай гэх мэт төслийн ажилтан хэн ч бай ажлаа шууд зогсоох үүрэгтэй байдаг. Энэ үүргийг сургалт, заавраар байнга өгдөг.
Барилгын ажил явагдах үед гэнэт олдвор гарвал гэмтээхгүй авах талаар тэнд ажиллаж байгаа хүмүүс хэр мэдлэгтэй байгаа вэ?
Барилгын ажлын үед түүх соёлын дурсгал гэнэт илэрсэн үед авах дотоод журам бий. Энэ журмаа бид Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн заалтуудад тулгуурлан хийсэн. Барилгын ажил хийж байгаа ажилчид болон ахлагч нарт энэхүү журмыг урьдчилан танилцуулдаг. Хэрэв ямар нэгэн олдвор гарч ирвэл тухайн ажилтан буюу мэргэжлийн биш хүн дур мэдэн авч болохгүй. Мэргэжлийн бус хүмүүст түүнийг байрнаас нь хөдөлгөхийг зөвшөөрдөггүй. Бид археологи, палеонтологийн олдворт хэрхэн хандах талаар маш сайн сургалт сурталчилгаа явуулдаг. Манай дотоод журамд газар шорооны ажил хийж байгаа компани, хэлтсүүд соёлын өвийн багаас өгдөг сургалт зааварчилгаанд сууснаас хойш зургаан сар өнгөрсөн тохиолдолд дахин хүмүүсээ хамруулах талаар зааж өгсөн байгаа. Зарим компани палеонтологийн ил олдвор бүхий орчинд ажиллах тохиолдолд палеонтологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, соёлын өвийн багийн ажилтан хамт явж, хаагуур хаагуур явах замыг нь тодорхой зааж өгдөг.
Өнөөдрийг хүртэл хичнээн төрлийн ховор олдворууд гарсан бэ? Ямар амьтны яс голдуу байдаг вэ?
Археологийн хүрээлэнтэй хамтран, нийт 23 удаагийн хайгуулын болон малтлагын ажил зохион байгууллаа. Хүмүүс бодохдоо малтсан булшнаас алт, эрдэнэс, гоёл чимэглэлийн зүйлс л гарвал ховор үнэт олдвор гэж боддог. Тухайлбал, саяхан археологийн хүрээлэнгийнхэн малтлага хийж байхад нутгийн гэгдэх залуучууд очоод, “Наанаас чинь юм гарч байна уу? Бид нар ухаад үзэхэд ганц хоёр яснаас өөр юу ч гарахгүй байна билээ” гэж хэлчихээд явсан мэдээ бий. “Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор” гэгчээр шинжлэх ухааны үнэ цэнийг ойлгохгүй хүмүүст тэгж харагдана л даа. Тэгтэл нэг ширхэг яс ч, зоос ч адилхан шинжлэх ухааны судалгаанд маш үнэтэй ховор олдворт тооцогддог. Тухайлбал, ОХУ-ын эрдэмтдийн малтсан булшнаас гарсан хурууны ганцхан үе Сибирийн бүс нутаг, Монгол Алтайн нурууны хавьд неандерталтай (хүн дүрст бич) төстэй хүн амьдарч байсныг баталсан юм. Өөрөөр хэлбэл түүхийн нарийн он цагийг олдсон эд өлгийн зүйлээр хөөж тогтоон, түүхчлэн бичиж, шинжлэх ухаан шинэ шинэ зүйлийг нээж болдгоороо үнэтэй ховорт тооцогдоно. Ганцхан, өчүүхэн юм гэж тоохгүй устгаад хаячихвал бүхэл бүтэн улсыг судлах түүхгүй болгож байгаатай адил. Мэдээж энэ хугацаанд хүрэл, төмөр, их монголын үед холбогдох эд өлгийн зүйл нэлээд илэрсэн байдаг. Палеонтологийн хүрээлэнтэй хамтарсан малтлагаар 80 гаруй том жижиг хэсэг яс бэхжүүлэн аваад байгаа. Энэ бүхнийг бид Оюу Толгой төслийн тусламжтайгаар мэргэжлийн төвшинд гарган авч, хамгаалж, мөн судалгааны эргэлтэд оруулж байгаа юм.
Сая 80 гаруй хэсэг яс гэж ярилаа. Хэсэг гэдэг нь ямар утгатай вэ?
Палеонтологийн олдворын хувьд илрүүлж авах арга нь өөр өөр байдаг. Тухайлбал газрын гүнд олон сая жил байсан яс хадгалалтын хувьд янз бүр. Тиймээс тухайн хэсэг ясыг шууд сугалаад авчихаж болохгүй. Хэсэг хэсгээр нь маш болгоомжтой ороож, бэхжүүлж авдаг. Ийм байдлаар авсан 80 гаруй бөөн ясыг Улаанбаатарт авчран, лабароторийн шинжилгээнд оруулахаар зэхсэн. Үүн дотор үлэг гүрвэлийн яснаас гадна матар, яст мэлхий зэрэг амьтны ч ясны үлдэгдэл байгаа.
Энэ олдворуудаа хаана, яаж хадгалдаг вэ? Эсвэл хариуцсан байгууллагуудад хүргэж өгдөг үү?
Малтлага хийлгэхээр урьсан компани бүх зардлыг хариуцахаар хуулинд заасан байдаг. Тиймээс бид хадгалах байр, Улаанбаатарт аюулгүй тээвэрлэх унааг зохицуулан, олдворуудаа ямар ч гэмтэлгүй Палеонтологийн хүрээлэнгийн лабораторид хүргүүлсэн байгаа. Тэнд бэхжүүлж ороосон яснуудаа задлан шинжилж дуусаад, тусгай хайрцагт хадгалж, заримыг нь харьцуулсан судалгаанд хэрэглэж, заримыг нь музейд тавьдаг. Оюу Толгойгоос олдсон яснуудыг манай археологи, палеонтологийн хүрээлэн Аризонагийн их сургууль руу шинжилгээнд явуулдаг. Одоогоор 20 яс явуулснаас 10-ынх нь шинжилгээний хариу ирээд байгаа.
Оюу Толгой ХХК соёлын өвийг хамгаалах ажил, үүн дотроо археологи, палеонтологийн дурсгалыг хамгаалах чиглэлээр хийсэн ажлын үр дүнгүүд, цаашдын зорилго юу байх вэ?
Оюу Толгой компанийн түүх соёлын дурсгалыг авран хамгаалах ажлын үр дүнд одоогийн байдлаар хуулиас гадуур үйл ажиллагаа явуулсан нэг ч гэрээт компани гарсангүй, нэг ч дурсгал эрсдэл, гэмтэлд ороогүй. Хуулийн дагуу бүгдийг хамгаалж байна. Нэгэнт дэлхийд томд орох уурхайн хувьд цаашид нэлээд алсыг харсан томоохон ажлууд хийхээр төлөвлөсөн.
Археологи болон палеонтологийн дурсгал хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага үнэхээр уул уурхайн компанид байгаа юм уу? Өмнө нь ийм хөтөлбөр хэрэгжүүлж байсан газар байдаг уу?
Оюу Толгой бол дэлхийд томд орох уул уурхайн компани. Мэдээж газар шорооны ажлаас ангид байхгүй. Нэгэнт л газар шорооны ажил хийж байгаа бол эргэн тойрондоо байгаа түүх соёлын дурсгалыг хамгаалах ажил зохион байгуулах шаардлага гарна. Энэ шаардлага Рио Тинто компанийн хувьд ч бүх уурхайд тавигддаг. Тиймээс нэгдүгээрт, нийгмийн хариуцлагаа ухамсарлах хоёрдугаарт, тухайн улсын хууль дүрмийг мөрдөх гуравдугаарт, дэлхийд томоохонд тооцогдох компанийн хувьд ЮНЕСКО-оос 1972 онд баталсан Байгалийн болон соёлын өвийг хамгаалах конвенц, 2003 онд баталсан биет бус өвийг хамгаалах конвенцийн дагуу тухайн улсын холбогдох хууль, дүрэм журмыг даган, түүх соёлын дурсгалд нь дээд зэргийн хүндэтгэлтэй хандах үүрэг хүлээсэн юм. Үүнийхээ дагуу уул уурхайн олборлолт явуулж байгаа газар бүртээ соёлын өвийн менежментийн системийг тухайн орны нөхцөл байдалд тохируулан боловсруулж, үйл ажиллагаа явуулж байна.
Энэ дашрамд асуухад Монголоос үлэг гүрвэлийн яс гарсан тухай хэвлэлээр дуулдаад байгаа. Судлаач хүний хувьд ямар бодолтой байна даа?
Манайхан музейн үзмэр, эсвэл ямар нэгэн түүх соёлын дурсгалаа гадагш нь алдчихлаа гэж их ярьдаг. Энэ бол хууль сул байгааг л харуулж байгаа хэрэг. Соёлын өвийн тухай хуулинд хувийн өмчлөлд байгаа түүх соёлын дурсгалт зүйлийг эзэмшигч нь зөвшөөрсөн тохиолдолд бүртгэл мэдээллийн системд оруулж болно гэсэн заалт байдаг. Энэ нь хэрэв эзэмшигч нь хүсэхгүй бол бүртгэхгүй гэсэн заалт юм. Тэгэхээр бүртгэлгүй түүх соёл бол хараа хяналтгүй, хаана яваад, хаашаа алга болчихсон нь мэдэгдэхгүй тэнэмэл хүүхэдтэй адил. Түүх соёлын дурсгалт зүйлээ гадагш нь алдана гэдэг бол шинжлэх ухааны хувьд судлах судлагдахуунгүй, түүх соёлын хувьд бахархах соёлгүй болох, өөрөөр хэлбэл соёлын хувьд бусдын эрхшээлд орно гэсэн үг. Тиймээс гадагш нь алдах зүйл хэзээ ч байж болохгүй.
Баярлалаа.
Leave a Reply
You must be logged in to post a comment.