– МҮХАҮТ-аас шалгаруулдаг Топ 100 аж ахуйн нэгжийн 30 хувийг Оюу Толгойн ханган нийлүүлэгчид эзэлж байна –
Монгол улс, Улаанбаатар хот – Оюу Толгой ХХК өнөөдөр бүтээн байгуулалтын ажилдаа Монголын олон мянган компанитай хамтран ажиллаж байгаа юм. Төсөл эхэлсэнээс хойш үндэсний 1700 орчим аж ахуйн нэгж байгууллага Оюу Толгой ХХК-д ханган нийлүүлэлт хийсэн байна. Зөвхөн 2011 онд үндэсний 1000 гаруй ханган нийлүүлэгчээс 1,7 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авчээ.
Оюу Толгой ХХК-ийн Үндэсний худалдан авалтын хөгжлийн хэлтсийн Менежер Б.Сэржмаа “Бид үндэсний ханган нийлүүлэгчдээс бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авснаар тэдний өсөлт хөгжилтөд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Эдгээр компаниуд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, ажлын байр шинээр гаргах, санхүүгийн талаар бэхжих, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх, орлогоо нэмэгдүүлэх зэргээр байнга хөгжиж байна. Үүний нэг баталгаа бол жил бүр МҮХАҮТ-аас шалгаруулдаг Топ 100 аж ахуйн нэгжийн 30 хувийг Оюу Толгойн ханган нийлүүлэгчид эзэлж байгаа” гэсэн юм.
Аливаа улсын эдийн засгийн хөгжлийн үндэс нь жижиг, дунд үйлдвэр байдаг. Тиймээс Оюу Толгой ХХК тэдний үйл ажиллагааг байнга дэмжиж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд зөвхөн Өмнөговь аймгийн 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллага нийт 3.2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлжээ.
Оюу Толгой компани худалдан авах ажиллагааны бодлого, зарчимаа гадаад, дотоодын бүх ханган нийлүүлэгчдэд ил тод, нээлттэй байлгадаг. Үүний зэрэгцээ дотоодын болон орон нутгийн ханган нийлүүлэгчдийг дэмжих, давуу эрх олгох тусгайлсан бодлого хэрэгжүүлж байна. Мөн бараа бүтээгдэхүүн худалдан авахаас гадна ханган нийлүүлэгчдийнхээ гэрээ хэрэгжүүлэх чадавхийг үнэлэх, дутагдлыг тодорхойлох, тэдгээрийг тусгайлсан төлөвлөгөөний дагуу засан сайжруулах, нийлүүлэгчийг хөгжүүлэх, чадавхийг бэхжүүлэх зорилго бүхий тусгай төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Хариулт үлдээнэ үү