–Оюу Толгой ХХК-ийн тендерийн шалгаруулалт хамгийн шударга явагддаг-
Барилга корпорацийн Дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Ш.Эрдэнэбаттай ярилцлаа.
Барилга корпорацийн үндсэн үйл ажиллагаа?
Монголын Барилгын Компанийг өөрчлөн байгуулах замаар Барилга корпорацийг анх 1992 онд Улаанбаатар, Дархан хотын барилга, барилгын материал, барилгын тээвэр механикийн болон зураг төсөл, хайгуул шинжилгээний 28 томоохон байгууллагаас хувь нийлүүлсэн төрийн өмчийн оролцоотой нийгэмлэг хэлбэртэй барилгын компани болгон байгуулсан юм. Энэ хугацаанд барилга, барилгын материал, барилгын зураг төсөл хайгуул шинжилгээний байгууллагуудын зах зээлийн хамтын ажиллагааг төрийн бодлого үйл ажиллагаатай холбон уялдуулах, гишүүн компаниудын ажилд туслах, ажлын фонтоор хангах, хөрөнгө санхүүгийн туслалцаа үзүүлэх, тэдний үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, гишүүдийг төлөөлөн томоохон төсөл арга хэмжээний ажлыг эрхлэх, тендерт оролцох, салбарын нийтлэг зангилаа асуудлаар төрийн байгууллагуудад асуудал боловсруулан оруулах, хөрөнгө оруулалт, барилгын санхүүжилтийн зохистой хэлбэрүүдийг бий болгох, гишүүн компаниудын менежментийн сургалтыг гадаад, дотоодод хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэх үндсэн үүрэгтэй ажиллаж байсан. Барилга корпораци Монголд анх удаа Улсын үйлдвэрийн газрыг өөрчлөн зохион байгуулах замаар үүссэн бүрэн бус хариуцлагатай компани бөгөөд хувьцааны захиалга авах замаар байгуулагдсан анхны хувьцаат компани, мөн сертификат болон компанийн бондын зах зээлийг санаачлан хэрэгжүүлэгч анхны компани юм.
Барилгын салбарт ийм өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг Барилга корпораци Оюу Толгой компанитай хэрхэн холбогдов?
Манай компани 2006 оноос хойш Оюу Толгой төсөлтэй хамтран ажиллаж байна. Маш олон ажлууд гүйцэтгэж байгаа. Ерөнхийдөө гурван нэр төрлийн ажил гүйцэтгэдэг. Эхнийх нь барилга угсралтын ажил. Барилгын бүтээн байгуулалтад оролцож, барилгын бүх төрлийн ажлууд хийж байна. Дараагийнх нь кемпийн бүх төрлийн үйлчилгээний ажлууд бий. Энэ чиглэлээр хоёр ч удаа гэрээ хийсэн. Одоо ажлуудаа гүйцэтгээд явж байна. Гурав дахь томоохон ажил бол бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт. Өнөөдөр Оюу Толгой төсөлд шаардлагатай байгаа уул уурхайн чиглэлийн барилгын болон өргөн хэрэглээний материалууд нийлүүлж байна. Энэ оны байдлаар төслийн талбай дээр агуулахын барилгууд барьж байна. Эхний агуулахаа энэ оны эхээр ашиглалтад өгсөн. Мөн Оюу Толгой төслийн талбай дээр Спорт соёлын төвийн барилгын ажлууд гүйцэтгээд явж байгаа. Үүнээс гадна баяжуулах үйлдвэрийн зарим барилгын ажлууд хийж байна.
Оюу Толгой компанитай хамтран ажилласан Барилга корпорацийн бахархал юу вэ?
Манай компанид өнөөдрийн байдлаар 350 орчим хүн ажиллаж байна. Оюу Толгой төсөлтэй хамтран ажилласнаар манай компанийн хэмжээнд ажилчдын тоо хоёр дахин нэмэгдсэн. Ажлын байр нэмэгдэнэ гэдэг олон талын ач холбогдолтой. Тухайлбал, 350 хүний ард гэр бүл бий. Нэг өрх 3 ам бүлтэй гэвэл 1000 орчим хүн орлоготой, амьдралтай болж байгаа. Бидний хувьд жилд 1-2 удаа ажилчдынхаа цалинг шинэчилж тогтоодог. Дашрамд хэлэхэд, Оюу Толгой ХХК-ийн 2011 оны ажлын байр бий болгогч шилдэг ханган нийлүүлэгчээр манай Барилга корпораци шалгарч байсан.
Ажлын байр нэмэгдүүлэх бол том амжилт, гэхдээ тэр хэрээр танай компанийн бизнес өргөжин тэлж байгаа байх?
Оюу Толгой компанитай хамтран ажилласан хугацаанд бидэнд бизнесийн өсөлт, хөгжлийн олон боломж бүрдсэн. Түүнчлэн компанийн нэр хүнд эрс өссөн. Гадаадын байгууллагууд хамтарч ажиллах санал тавьж байна. Тэдний саналыг авч зарим ханган нийлүүлэлтийг хийж байна. Энэ бол Оюу Толгойгоос сурч мэдсэний илэрхийлэл гэж бодож явдаг. Үүнээс гадна олон улсын том төсөлтэй хамтарч ажиллах талаар маш их зүйлийг сурч мэдсэн. Одоо ч тасралтгүй сурч байна. Ийм боломжийг Оюу Толгой Монголын олон мянган компанид олгож байгаа нь өөрөө маш том амжилт юм. Бас манай ажилчдын хувьд ч их өөрчлөлт гарсан. Монголчууд зарим үед ажлын дүрэм, журмаа биелүүлэхгүй жаахан задгай явж сурсан. Тэгвэл уурхайн барилгын талбай дээр ажлын цаг баримталж сурч байна, хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээд зэргээр мөрдөж байна. Бүх дүрэм журмаа биелүүлдэг болсон. Энэ бол ажилчид хувь хүний талаасаа ч хөгжиж, боловсорч байгаа жишээ юм. Бидний өөр нэг томоохон ололт бол аюулгүй ажиллагааны талаар маш их зүйлийг сурч, туршлага хуримтлуулж байна. Манай компани Оюу Толгой төслийн 2010 оны хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэгч шилдэг байгууллагаар шалгарч байсан. Тухайн үед 456 000 хүн/цаг осол аюулгүй ажилласан анхны Монгол компани болж байлаа.
Танай компани нэлээдгүй тендерт оролцсон байх. Оюу Толгойгоос зарласан тендер шударга явагдаж чадаж байна уу?
Манай компани 2006 оноос хойш нэлээд олон тендерт орсон. Оюу Толгойгоос зарласан аливаа тендер ар, өврийн хаалга, авлига байхгүй хамгийн шударга явагддаг. Ажил гүйцэтгэх чадвартай компаниудыг сонгож чаддаг. Хамгийн чухал нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, чанарын төлөвлөгөө, ажил гүйцэтгэх төлөвлөгөө гэх мэтээр тендерийн бүх шаардлагыг хангах ёстой. Оюу Толгой бол Монголын компаниудад шударгаар өрсөлдөх боломжийг нээлттэй олгож байгаа. Тиймээс заасан шалгууруудыг л сайн хангах ёстой гэж тендерт орох гэж байгаа газруудад зөвлөмөөр байна.
Хариулт үлдээнэ үү