Амжилтын түүх: Ж.Түмэн-Аюуш “Оюу Толгойтой хамтарч ажиллахад их урамтай”

 

Аливаа байгууллагын хөгжлийн түүх бусдад жишээ болж, санаа төрүүлэх нь олонтаа. Тийм нэг газартай танилцлаа. Энэ бол Хасу Мегаватт ХХК  юм. Эднийх инженерийн үйл ажиллагаа, метал хийц, үйлдвэрлэл угсралт, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг. Анх 2000 онд байгуулагдан Дулааны цахилгаан станцын зуухны шинэчлэлт, өөрчлөлт ба засвар угсралтын үйл ажиллагааны гараагаа эхэлсэн байна. Үүнээс хойш үйл ажиллагаа нь байнга өргөжин тэлж, өнөөдөр өөрийн салбартаа нэр хүндтэй том компани болжээ.

Монголын олон мянган компани Оюу Толгой төслийн ханган нийлүүлэгчээр ажилладаг. Тэдний нэг болох Хасу Мегаватт” ХХК  2006 оноос хойш Оюу Толгой төсөлтэй хамтран ажиллаж байна. Эхний жил Ред Паф компаниар дамжуулан ажил гүйцэтгэж байсан бол дараа нь өөрсдийгөө таниулж, Оюу Толгой төсөлтэй шууд гэрээ хийсэн. Түүнээс хойш уурхайн талбай дээр халаалтын зуух болон дулаан хангамжийн ашиглалт, газар доогуурх инженерийн шугам хоолойн барилга угсралтын ажил, төмөр хийц, даралтын сав болон халаалтын зуухны үйлдвэрлэлт, агуулахын барилга гээд томоохон ажлууд гүйцэтгэж иржээ. Эдгээрээс хамгийн том ажил бол 1300 метрийн гүнд ажилладаг хөндлөн малталтын тоног төхөөрөмж юм.

“Аливаа байгууллага хамтарч ажиллаж байгаа газартаа өөрсдийгөө харуулж, илэрхийлэх ёстой. Өөрөө өөрийгөө харуулах хэрэгтэй. Бид тэгэж чаддаг. Оюу Толгойтой хамтарч ажиллахад их урамтай, гэрээгээ биелүүлдэг, ажлаа ч сайн дүгнэдэг. Бидний хооронд удаан хугацааны хамтын ажиллагаа явагдаж байна” хэмээн Хасу Мегаватт ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш ярьж байлаа. 2006 оноос Оюу Толгой төслийн гэрээт ажил дээр эднийх тогтмол 120-130 хүн ажиллаж байгаа аж. Энэ жил гэхэд ашиглалт дээр 186 хүн байгаа бөгөөд хамгийн оргил үед 300 хүн ажиллаж байжээ. Эднийх ажилчдынхаа нийгмийн асуудлыг байнга шийдэж, цалингийн бодлогоо ч шинэчилдэг байна. Энэ жил 32 ажилтандаа орон сууц өгчээ. Цаашид жил бүр 20-30 ажилтандаа орон сууц өгөх бодлого барьж байгаа аж.

Дэлхийн хэмжээний том уурхайн бүтээн байгуулалтад оролцож байгаа учраас сурах зүйл их байгаа талаар Ж.Түмэн-Аюуш захирал ярьж байсан. Тэдний хувьд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанаас их зүйл сурч, түүнийгээ ажилдаа бүтээлчээр мөрдөж байгаа юм. Герман улсаас дэлхийн стандартад нийцсэн ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл авч байгаа нь үүний нэг баталгаа юм. Хасу Мегаватт ХХК Оюу Толгой төслийн 2011 оны Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг эрхэмлэгч Шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарч байсан юм.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн