– Оюу Толгой нийт хэрэглэсэн усныхаа 80 хувийг дахин ашиглана –
Монгол улс, Улаанбаатар хот – Оюу Толгой нь Монгол улсын түүхэн дэхь хамгийн нарийн төлөвлөлт бүхий уурхайн нэг юм. Тус ордыг анх нээсэн 2001 оноос хойш Оюу Толгойн инженерүүд бие даасан, найдвартай усны эх үүсвэрийг олж илрүүлэх ажлын үр дүнд уурхайгаас 70 км зайд Гүний хоолой дахь усны нөөцийг илрүүлээд байна.
Энэхүү гүний усны сан нь газрын гадаргаас 400 хүртэлх метрийн гүнд 45 км х 15 км хэмжээтэй талбайг эзлэн оршиж байдаг. Уурхайн үйл ажиллагаанд ордын усыг 40 жил тасралтгүй ашиглахад нөөцийн дөнгөж 20 хувийг ашиглаж, 80 хувь нь байгальдаа үлдэх юм. Оюу Толгой нь дэлхийд цөөхөнд тооцогдох усыг дээд зэргээр хэмнэлттэй ашигладаг уулын баяжуулах үйлдвэрийн нэг болох зорилготой ажиллаж байгаа. Тиймээс үйлдвэрлэлийн явцад хамгийн үр ашигтай хаягдал өтгөрүүлэгч ашиглахаар төлөвлөсөн. Үйлдвэрээс гарч байгаа хаягдал усыг бүрэн эргүүлэн татаж баяжуулах үйлдвэрт ашиглана. Хөргөлтийн усыг 100 хувь, уурхайн гүний усыг 100 хувь, ахуйн бохир усыг цэвэрлэж 100 хувь, автомашин угаалгын усыг цэвэрлэж 100 хувь дахин ашиглах юм.
Усыг дахин ашиглах энэ загвар нь дэлхийн хамгийн өндөр хэмжээний арвилан хэмнэлтийн загварт багтаж байгаа юм. Оюу Толгой ХХК-ийн Бүс нутгийн хөгжил, нийгмийн асуудал эрхэлсэн Дэд ерөнхийлөгч Т.Баярсайхан “Оюу Толгой усны нөөцийг орон нутгийн иргэд, ирээдүй хойч үедээ хадгалан үлдээх үүргийг хүлээдэг. Иймээс байгаль орчинд ээлтэй, хамгийн бага усны хэрэглээ бүхий дэлхийн шилдэг технологийг Монголын уул уурхайн салбарт нэвтрүүлж байгаад баяртай байна” гэсэн юм.
Оюу Толгой төслийн усны хэрэглээний талаар дэлгэрэнгүй нэвтрүүлгийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, телевизийн суваг болон Оюу Толгойн Фэйсбүүк www.facebook.com/oyutolgoi хуудаснаас үзэж сонирхоорой.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Хариулт үлдээнэ үү