Хэвлэлийн мэдээ: Оюу Толгойн барилга угсралтын баг 10 сая хүн/цаг аюулгүй ажиллалаа

– Энэ нь аюулгүй ажиллагааны дэлхийн шилдэг стандартууд нэвтрүүлж
байгаагийн баталгаа юм –

Монгол улс, Улаанбаатар хот – "Хүн бүр гэртээ өдөр бүр эрүүл, аюулгүй харьж байх ажлын байрыг хамтдаа бий болгоё” уриатай Монголын уул уурхайн Оюу Толгой ХХК дэлхийн уул уурхайн аюулгүй ажиллагааны шилдэг стандартуудыг нэвтрүүлэн ажиллаж байна.

Аюулгүй ажиллагааны соёлыг Монголын уул уурхайн салбарт түгээж буй энэхүү уриалга төслийн бүхий л шатанд бодитоор хэрэгжиж байна. Тухайлбал, Оюу Толгой компанийн барилга угсралтын баг 2012 оны 2 дугаар сарын 2-ноос хойшхи хугацаанд 10 сая хүн/цаг осол авааргүй ажиллалаа.

Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх Дэд ерөнхийлөгч Стив Гарсия “Би энэ салбарт олон жил ажилласан. Гэхдээ миний мэдэхээр ийм өндөр амжилт урьд нь гарч байгаагүй юм. Тиймээс энэ амжилтыг зориуд тэмдэглэн, бусадтайгаа хуваалцаж, амжилтаа цаашид тасралтгүй үргэлжлүүлэх нь чухал” хэмээн хэллээ.

Өмнө нь Баяжуулах үйлдвэрийн барилгын хэсэг 2011 оны 6 дугаар сарын 4-нөөс эхлэн тасралтгүй 10.4 сая хүн/цаг осол авааргүй амжилттай ажилласан бөгөөд энэ нь Оюу Толгой төслийн барилгын ажлын чанар, хурдцыг харуулж байгаа төдийгүй дэлхийн уул уурхайн аюулгүй ажиллагааны хамгийн шилдэг стандартууд хэрэгжүүлж байгаагийн баталгаа болж байна.

Барилгын хэсэгт өнөөдрийн байдлаар Монголын 39 гэрээт компани ажиллаж байна. Оюу Толгой ХХК зөвхөн өөрийн ажилтан, ажиллагсад бус бүх гэрээт компаниудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг онцгой анхаарч ажилладаг.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн