Хэвлэлийн мэдээ: Хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэнд оруулж байна

– Оюу Толгой компани байгаль хамгаалах бодлогоо цаг үргэлж баримталдаг –

Монгол улс, Улаанбаатар хот – Монголын уул уурхайн Оюу Толгой ХХК байгаль орчныг хамгаалах хамгийн дэвшилтэт технологи нэвтрүүлэн, өргөн хүрээтэй, олон төрлийн үйл ажиллагаа явуулж ирлээ. Үүний нэг бол байгаль орчны бохирдолтоос сэргийлэх зорилгын хүрээнд нийцүүлсэн хог хаягдлын менежментийн хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр нь аливаа материал түүхий эдийг үр ашигтай хэрэглэж, хог үүсэхээс сэргийлэх, дахин ашиглах болон боловсруулах замаар хог хаягдлыг бууруулах зорилготой. Мөн үлдэгдэл хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй технологиор устгах юм.

Зөвхөн өнгөрсөн 2011 онд уурхайн төслийн талбайгаас гарсан 684 ачааны тэрэг хаягдал мод, 80 ширхэг төмөр хоолойг орон нутгийн иргэдийн ахуйн хэрэгцээнд өгч, 1300 тонн хаягдал төмрийг дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлжээ. Мөн хуванцар сав, гялгар уутыг дахин боловсруулах үйлдвэрүүдтэй гэрээ байгуулж, тогтмол нийлүүлж байгаа юм. Хогийг дахин боловсруулах нь иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, хур хогийн цэг үүсэхээс сэргийлэх, улмаар байгаль орчин, хүний эрүүл мэндийг хамгаалах зэрэг олон талын ач холбогдолтой.

Үүний зэрэгцээ төслийн талбайн орчин тойрны бүх цэгт хог хаягдлыг ангилан ялгах савууд байрлуулж, үйлдвэрийн ажилчдад хог хаягдлын менежментийн сургалт явуулж байна. Өнгөрсөн жилийн байдлаар энэ сургалтад 10 мянга орчим хүн хамрагджээ.

Дахин ашиглах боломжгүй хаягдал материалд хариуцлагатай хандахад ажилчдадаа туслалцаа үзүүлэх, тэдний оролцоог идэвхжүүлэх зорилгоор “Хог бол баялаг” шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг өнгөрсөн 2 дугаар сард амжилттай зохион байгуулсан юм. Энэ уралдаанд оролцсон 50 гаруй бүтээлүүд нь төслийн талбараас үүссэн аливаа хаягдалд хариуцлагатай хандаж, ажилчдын эрүүд мэнд, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах бүрэн боломжтой гэдгийг харуулж чадсан байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн