Хэвлэлийн мэдээ: Уул уурхайн мэдээллийн төв нээлээ

– Мэдээлэл хүссэн хүн бүрт манай төв нээлттэй байна –

Монгол улс, Улаанбаатар хот – Монголын уул уурхайн Оюу Толгой ХХК Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Уул уурхайн мэдээллийн төвөө саяхан нээлээ. Энэ төвийг олон нийтэд Оюу Толгой төсөлтэй холбоотой бодит мэдээллийг шуурхай хүргэх, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, компанийн ил тод нээлттэй байх бодлого, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачлага, нийгмийн хариуцлагыг хөгжүүлэх зэрэг олон зорилготой байгуулсан юм.

Энэхүү төвөөр дамжуулан Өмнөговь аймгийн нийт иргэд Оюу Толгой компани болон уул уурхайтай холбоотой бүх төрлийн мэдээллийг авах боломжтой юм. Иргэд ажлын цагаар Оюу Толгой ХХК-ийн ажлын байр, сургалт зөвлөгөө, хангамж худалдан авалт зэрэг бизнестэй холбоотой мэдээллийг авахаас гадна номын сан, интернэтээр үйлчлүүлж болох юм. Түүнчлэн зөвхөн хэрэгцээтэй мэдээлэл өгөх бус иргэдийн санал хүсэлтийг ч хүлээн авна.

Оюу Толгой ХХК-ийн Хэвлэл мэдээлэл, Олон нийтийн харилцаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Хьюстон Спенсэр “Бид Улаанбаатар хотод өнгөрсөн 1 дүгээр сард мэдээллийн төвөө нээж байсан. Энд 2 дахь мэдээллийн төвөө нээснээр орон нутгийн иргэдэд Оюу Толгой төслийн талаар үнэн зөв бодит мэдээллийг шуурхай хүргэх боломж нөхцлийг бүрдүүлж байгаа” хэмээн хэллээ. Мөн Даланзадгад сумын ИТХ-ын дарга Л.Цэцэг-Өлзий “Бид Оюу Толгой ХХК-тай байнга хамтран ажилладаг. Уул уурхайн болон төслийн талаар бодит мэдээллийг түгээхээр энэхүү төвийнхөө үйл ажиллагааг нээж байгаад аймгийнхаа нийт иргэдийн өмнөөс баярлалаа” гэж талархлаа илэрхийлсэн юм.

Мэдээллийн төвийг нээсний дараахан үйлчлүүлсэн иргэдтэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо. Өмнөговь аймгийн иргэн Т. Энхзаяа ”Энэ төвөөр ирж үйлчлүүлж маш их мэдээлэл авлаа. Үнэхээр сэтгэлд хүртэл ярилцаж бизнесийн санаа болохоор олон олон зүйл зөвлөж өглөө. Мэдээллийн төвөөр үйлчлүүлснээр манай гэр бүлийн бизнес хөгжих байх. Маш их баярлалаа. Танай төвөөр байнга үйлчлүүлж харилцаа холбоотой байх болно” хэмээн ярилаа. Харин иргэн Д. Бумаа “Мэдээллийн төвд ирж үйлчлүүлсэндээ баяртай байна. Найрсагаар үйлчилж байна. Тодорхой мэдээллүүд авч чадлаа. Цаашдаа мэдээлэл авах олон хүнд хүрч ажиллах төвтэй болсонд талархаж байна. Танай компанийг орон нутгийн цэцэглэлт хөгжилтөд үнэтэй хувь нэмэр оруулна гэж найддаг” гэж хэлсэн юм.

Уул уурхайн мэдээллийн төв Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Тост Говь ХХК-ийн байрны 2-р давхарт байрлаж байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн