Хэвлэлийн мэдээ: Уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид Монголд сургалт явууллаа

– Оюу Толгой компани үндэсний хэмжээнд оюуны салбарт хөрөнгө оруулалт хийж, Монгол улсын урт хугацааны тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж байна –

Монгол улс, Улаанбаатар хот – Монголын уул уурхайн Оюу Толгой компани үндэсний хэмжээнд ажиллах хүчин бэлтгэх сургалтын хөтөлбөрийг нийт 110 тэрбум төгрөгөөр (85 сая ам.доллар) санхүүжүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөр нь ажиллах хүчинд зөвхөн уул уурхайн салбар төдийгүй орчин үеийн, олон чиглэл бүхий эдийн засгийн  бүхий л салбарт шаардлагатай ур чадварыг эзэмшүүлээд зогсохгүй Монгол улсын мэргэжлийн боловсролын салбарын өөрчлөлт шинэчлэлийг дэмжин түүнийг олон улсын жишигт нийцүүлэх юм.

Монгол улсын хэмжээнд хамгийн том, өргөн цар хүрээнд хэрэгжиж буй уг сургалтын хөтөлбөрийн хүрээнд Оюу Толгой ХХК Эрдэнэтийн Технологийн Сургуульд өнгөрсөн онд 1.1 тэрбум төгрөгийн (900 мянга орчим ам.доллар) өртөг бүхий сургалтын тоног төхөөрөмж, симуляторыг дагалдах гарын авлага, сургалтын хөтөлбөр модулуудын хамтаар хандивласан юм. Ингэхдээ сургалтын тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийг Монголд авчирч сургалт зохион байгуулж байгаа юм.

Канад улсын цахилгаан механикийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Лаб Вольт компанийн мэргэжилтэн Александр Лабрие өнгөрсөн онд тус сургууль дээр ирж сургалтын тоног төхөөрөмжүүдийг угсарч суурилуулж ашиглалтад бэлэн болгосон бол тус компанийн сургагч багш Ата Ал Шатал, Гонзало Мора нар энэ оны 3-р сарын 18-наас 4-р сарын 12-ны хооронд Эрдэнэтийн Технологийн Сургуулийн багш нар болон Оюу Толгой төслийн уурхайн талбайн сургалтын төвийн сургагч багш нарт тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах талаар биечлэн зааварлаж сургалт явууллаа.

Оюу Толгой ХХК-ийн Сургалт хариуцсан ахлах ажилтан Д. Энхбаатар сургалтын үр дүнгийн талаар “Оюу Толгой компани мэргэжлийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд Монголын ажиллах хүчний ирээдүйд зориулан томоохон хөрөнгө оруулалт хийж байна. Үүний нэг илрэл нь Эрдэнэтийн Технологийн Сургуульд нийлүүлсэн орчин үеийн техник, тоног төхөөрөмжүүд юм. Бидний хувьд хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй нягт хамтран ажиллаж байгаагийн нэг жишээ нь энэ үйлдвэрлэгчдийг авчран зохион байгуулсан сургалт юм” хэмээн танилцууллаа.

Оюу Толгойн Мэргэжлийн боловсролын хөтөлбөрийн суралцагчид баяжуулалтын оператор, цахилгаанчин, тоног төхөөрөмжийн цахилгаанчин, гагнуурчин, хүнд машин механизмын оператор, хүнд машин механизмын засварчин-механикч зэрэг мэргэжлүүдээр суралцаж байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн