Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой ХХК байгаль орчны нөхөн сэргээлтийн дэлхийн жишгийг Монголд дэлгэрүүлнэ

– 2012 оны уул уурхайн нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалт Оюу Толгой төслийн талбайд явагдана –

Монгол улс, Улаанбаатар хот – Сүүлийн жилүүдэд Монгол улсад уул уурхайн үйл ажиллагаа эрчимтэй хөгжиж, эндээс улбаалан байгаль орчны нөхөн сэргээлтийн ажил чухлаар тавигдах болсон юм. Уул уурхайн компаниудын хувьд байгаль орчны нөхөн сэргээлтийн талаар бие биенээсээ харилцан туршлага судлах, санал бодлоо солилцох, оновчтой шийдэлд хүрэх шаардлага бий болдог. Иймээс Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас “Уул уурхайн нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалт”-ыг санаачлан 2006 оноос хойш зохион байгуулж байгаа юм.

Энэхүү үзүүлэх сургалтад Оюу Толгой ХХК-ийн мэргэжилтнүүд тогтмол оролцож туршлага судалсаар ирлээ. Энэ жилийн “Уул уурхайн нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалт” Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Оюу Толгой төслийн талбай дээр болно. Үзүүлэх сургалтыг Оюу Толгой ХХК Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газартай хамтран 2012 оны гуравдугаар улиралд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Оюу Толгой ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн менежер Марк Ньюби “Энэхүү ажил нь уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед цагаа олсон зөв зүйтэй ажил болжээ. Үзүүлэх сургалтыг Өмнөговь аймагт зохион байгуулахаар төлөвлөж байгаа нь сайшаалтай юм. Уг үйл ажиллагаанд говийн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй томоохон компаниуд хамтран оролцож, өөрсдийн арга туршлагаа хуваалцан, нэгдсэн оновчтой шийдэлд хүрэхэд чухал алхам болно” хэмээн хэллээ.

Оюу Толгой төсөл байгаль орчныг хамгаалах, газар эхийг зүй зохистой ашиглахтай холбоотой Монгол улсын хууль, тогтоомжууд болон байгаль орчны стандарт шаардлагуудад нийцүүлэн ажиллахыг гол зорилгоо болгодог бөгөөд газрын эвдрэлийг хамгийн бага хэмжээнд байлгах, өнгөн хөрсийг зөв зохистой хуулж хадгалах болон төслийн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт техникийн нөхөн сэргээлт хийх гэсэн үндсэн чиглэлүүдээр газрын зохистой менежментийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн