Ашиглагдаагүй удсан худгийн байдал
Худаг, булаг шанд бол говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр. Хангай шиг том гол мөрөн, нуур цөөрөмгүй болохоор аргагүй биз. Социалист нийгмийн үед нэгдэл, сангийн аж ахуйгаас зохион байгуулалттайгаар гар худгийг лайдах, эргүүлэн хаших ажлыг зохион байгуулдаг байсан бол энэ ажил өнөөдөр бараг мартагдаад байгаа. Говьд гар худаг засч сайжруулахад техник, тоног төхөөрөмж, хүн хүч хэрэгтэй. Бас зохион байгуулалт ч шаардлагатай.
Энэ асуудлыг цогцоор нь шийдэхүйц Оюу Толгой компанийн Ханбогд сумын бэлчээрийн менежментийг сайжруулах төсөл говьчуудад хэрэгцээтэй, жинхэнэ цагаа олсон ажил байлаа. Ханбогд сумын нутагт бэлчээрийн тодорхой хэмжээний газрыг ашиглаж байгаагийн хувьд бэлчээр сэргээх, зүй зохистой ашиглах болон малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой энэ төслийг орон нутгийн Ханбогд Алтан Нутаг ТББ хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр хамгийн тулгамдсан асуудлын нэг болох уст цэгийг сэргээн засварлах ажлыг эхлүүлсэн юм. Ингэхдээ нутгийн иргэдийн оролцоотойгоор буюу Ханбогд сумын 14 малчдын бүлгийн хурлаар хэлэлцэж, сэргээн засварлах шаардлагатай гар болон гүн өрмийн худгуудын жагсаалтыг хамтран гаргажээ.
Сэргээн засварлах ажил
Гар худгийг засварлахдаа техникийн хүч ашиглаж худгийн нүхийг ухаж бетон цагираг суулгасан юм. Энэ нь малчид гар аргаар ухахдаа хатуу хөрсөнд тулж хангалттай гүн худаг гаргаж чаддагүй байсан дутагдлыг арилгасан дэвшилтэт ажил болжээ. Суулгасан бетон цагиригны 1 метр тутамд 1.2 тонн ус хуримтлагдах боломжтой. Зарим малчдын бүлэг худгийг уламжлалт аргаар чулуу, хайлаас ашиглан хашаалсан байна. Ингэж хашаалсанаар худгийн хээлийг томруулж, хуримтлагдах усны багтаамж нэмэгддэг сайн талтай. Энэ бол говь нутгийн худаг ус сэргээх уламжлалт арга ухааныг хадгалан үлдээж байгаа нэг хэлбэр юм.
Ийнхүү Оюу Толгой компани Ханбогд Алтан Нутаг ТББ-тай хамтран өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 20 гар худгийг малчдын бүлгүүдийн оролцоотой сэргээн засаад байна. Эдгээр худагны 10 нь бүрэн эвдэрч, ашиглах боломжгүй байсан тул шинээр зэрэгцээ ам гаргажээ.
Эвдэрч, дарагдсан гар худгуудыг орон нутгийн оролцоотой сэргээн засварлах энэ ажлыг Оюу Толгой компани цаашид үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна.
Хариулт үлдээнэ үү