Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой Азийн шилдэг Уул уурхайн төслөөр шалгарлаа

– Монгол Улс Ази, Номхон далайн орнуудаас уул уурхайн салбарын ололт амжилтаараа оны шилдгээр тодорлоо –

Монгол улс, Улаанбаатар хот – 2012 оны 3 дугаар сар 22-23-нд Хонконгийн төвд 5 дахь жилдээ зохион байгуулагдсан Уул уурхай ба Хөрөнгө оруулалт чуулганы үеэр Ази, Номхон далайн орнуудын төрөлжсөн уул уурхайн компаниудын шилдгүүдийг шалгаруулсан юм.

Тус арга хэмжээнд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа Монгол Улс олон улсын хэмжээнд өндрөөр үнэлэгдэж ”Уул уурхайг хөгжүүлэгч оны шилдэг улс гүрэн”-ээр шалгарсан бол Монголын уул уурхайн хамгийн том төслийн бүтээн байгуулалтыг өрнүүлж буй Оюу Толгой компани “Уул уурхайн оны шилдэг төсөл” шагналын эзнээр тодорлоо.

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “Монгол Улс уул уурхайн салбарын ололт, амжилтаараа Азийн орнуудын дундаас “Уул уурхайг хөгжүүлэгч оны шилдэг улс гүрэн” шагналыг хүртэж, Оюу Толгой төсөл Азийн улс гүрнүүдийн дотроос “Уул уурхайн оны шилдэг төсөл”-өөр шалгарсанд миний бие туйлын баяртай байна” гэсэн юм.

Камерон МакРей цааш нь “Оюу Толгой төслийг удирдагч, хөрөнгө оруулагч Рио Тинто компани нь Монгол Улсын болон Оюу Толгой компанийн энэхүү амжилтаар бахархаж байна. Бид Монгол Улсын ирээдүйн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахуйц Оюу Толгойн уурхайг анх төлөвлөсөн хугацаанаас 6 сарын өмнө буюу 2013 оны дунд үеэс ашиглалтад оруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж байна” гэлээ.

Оюу Толгой төслийн барилга, бүтээн байгуулалтын явц 2012 оны гуравдугаар сарын сүүлийн байдлаар 75 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа бөгөөд ирэх онд уурхайг ашиглалтад оруулахаас өмнө нийт 7,8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийх юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн