Хэвлэлийн мэдээ: Өмнөговийн жижиг, дунд бизнес эрхлэгчид уул уурхайгаас үл хамаарах зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж байна

– Монгол улсын эдийн засгийн хөгжилд хөдөөгийн жижиг, дунд бизнес
эрхлэгчид хувь нэмэр оруулж байна –

Монгол улс, Улаанбаатар хот – Монголын уул уурхайн хамгийн том төслийг бүтээн байгуулж буй Оюу Толгой компани төсөл хэрэгжиж буй Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчид, бизнес эрхлэгчдэд давуу эрх олгон хамтран ажиллаж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэн, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийн чадавхийг дээшлүүлэн ажиллаж байгаа билээ.

Оюу Толгой ХХК-ийн Бүс нутгийн хөгжил, нийгмийн асуудал эрхэлсэн Дэд ерөнхийлөгч Т.Баярсайхан “Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчид эдийн засгийн тогтвортой хөгжлийн хамгийн чухал хэсэг юм. Оюу Толгой компанийн санаачилсан хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр нь Өмнөговь аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бизнесээ эхлүүлэх, хөгжүүлэх боломж олгохоос гадна хамгийн чухал нь уул уурхайгаас үл хамаарах зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, урт удаан хугацаанд тогтвортой орлогын эх үүсвэртэй болох боломжийг олгож байна” гэлээ.

Хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, бизнесийг хөгжүүлэх, зах зээлийг бэхжүүлэх зорилготой “Говийн шим” хөтөлбөрийг Оюу Толгой компани 2010 оноос хойш Өмнөговь аймагт хэрэгжүүлж байгаа бөгөөд 1,5 тэрбум төгрөгийн зээлийн сан бүхий тус хөтөлбөрт орон нутгийн 50 гаруй бизнес эрхлэгчид хамрагдаж, нийт 400 орчим сая төгрөгийн зээл авч бизнесийн боломжоо нэмэгдүүлжээ.

“Говийн шим” хөтөлбөрт хамрагдаж, бизнесээ амжилттай эрхэлж буй Баян-Овоо сумын талх, нарийн боовны цехийн эрхлэгч Б.Сарангэрэл “Бизнест учирсан бэрхшээлийг шийдэж чадсан энэхүү хөтөлбөрт хамрагдсанаараа манайх талх барих шарах шүүгээ, цахилгаан гурил зуурагч, гар зуурагч, гурил хайрагч, хэрчигч машин худалдан авч, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн байртай болсоноос гадна хөтөлбөрийн хүрээнд мэдлэг ур чадвараа сайжруулсан минь бизнесийн амжилтад хүрэх томоохон түлхэц болж чадлаа” гэсэн юм.

Оюу Толгой компани худалдан авах үйл ажиллагаандаа орон нутгийн ханган нийлүүлэгчдэд давуу эрх олгож, хамтран ажилладаг бөгөөд 2011 онд Өмнөговь аймгийн 200 гаруй бизнес эрхлэгч, ханган нийлүүлэгчээс нийт 3 тэрбум орчим төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан аваад байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн