Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой компани хөдөлмөрийн аюулгүй байдлын соёлыг дэлгэрүүлж байна

– Өдөр бүр хүн болгон ажлаасаа эрүүл, аюулгүй эргэн ирэхүйц осол аваар, өвчлөлгүй ажлын байрыг хамтдаа бий болгоно –

Монгол улс, Улаанбаатар хот – Монголын уул уурхайн салбарт дэлхийн шилдэг технологи, тэргүүн туршлагыг нэвтрүүлэн ажиллаж буй Оюу Толгой ХХК 2012 оны 3 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас зохион байгуулсан “Нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хурал, үзэсгэлэнгийн алтан ивээн тэтгэгчээр оролцлоо.  Тус онол-практикийн бага хурлын үеэр Оюу Толгой компанийн зүгээс төслийн аюулгүй байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

Оюу Толгой компанийн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан ахлах зөвлөх  Манни Далтерио “Оюу Толгой компанийн хамгийн үнэт зүйл бол хүмүүс, ажилчид юм.  Бидний зорилго бол өдөр бүр хүн болгон ажлаасаа эрүүл, аюулгүй эргэн ирэхүйц осол аваар, өвчлөлгүй ажлын байрыг хамтдаа бий болгох явдал юм. Энэ зорилгодоо хүрэхийн тулд бид Монгол Улсад анх удаа аюулгүй ажиллагааг улам бүр сайжруулахад чиглэсэн Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа, Байгаль орчны нэгдсэн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн ажиллаж байна” гэлээ.

Энержи Ресурс, Эрдэнэт Үйлдвэр, Оюу Толгой зэрэг үндэсний томоохон уул уурхайн компаниуд болон Эрдэс Баялаг Эрчим Хүчний Яам, Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн яамны төлөөлөл оролцсон уг хурлаар уул уурхайн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдлыг цаашид хэрхэн илүү үр дүнтэй хангаж болох тухай, мөн аюулгүй ажиллагааны олон улсын стандартын талаар хэлэлцсэн юм.

Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга С.Давааням “Эхэлж гарсан чихнээс сүүлд ургасан эвэр урт гэдэг шиг барууны аюулгүй байдал, эрүүл мэндийн сүүлийн үеийн стандартыг мөрдөж байгаа Оюу Толгой, Бороо Гоулд, Энержи Ресурс зэрэг компаниас Эрдэнэт үйлдвэр суралцах зүйл их байгаа” гэсэн юм.

Оюу Толгой компани Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны олон улсын ISO 14001:2004 стандартыг 2012 оны эхний хагаст Монгол улсын уул уурхайн салбарт нэвтрүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн