Амжилтын түүх: Э.Сугир “Хөдөөд уул уурхайгаас хамааралгүйгээр зах зээлээ тэлэх, бизнесээ хөгжүүлэх боломж бүрэн бий”

 

Хөдөөд ажлын байр алга, үйлдвэрлэл явуулах боломжгүй байна, бараа бүтээгдэхүүн борлуулах зах зах зээл байдаггүй гэсэн нийтлэг ойлголт байдаг. Тэгвэл хүн хүсвэл ажиллах, хийх боломжтой гэдгийг говийн нэгэн залуугийн бизнесийн түүх харуулж байна.

Түүний нэрийг Э.Сугир гэдэг. Тэрээр аймгийнхаа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг арьсан урлалын чиглэлээр төгсчээ. Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, илүү ихийг хийх мөрөөдөл тээсэн залуугийн хувьд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ боруулах талаар санаа зоволгүй ажлаа эхэлжээ. Учир нь өөрийн болон зэргэлдээх сумуудад ижил чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгч байсангүй.

Тэрээр эхлээд модоор сийлбэр хийх, эсгий дээр зураг зурах, арьс шир элдэн төрөл бүрийн бүтээгдэхүүн хийх зэргээр үйлдвэрлэлээ эхэлжээ. Үүний дараа арьсаар ээтэн гутал, даалин, бүс, аяганы уут зэрэг үндэсний уламжлалт бүтээгдэхүүн урлаж, үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. Түүний аяганы арьсан уут, даалингийн хослол нь тун өвөрмөц. Өмнө нь ийм хэрэглээний зүйлийг зөвхөн даавуугаар урладаг байв. Ийм даалин байнга өвөрт явах учраас амархан сэмэрч урагддаг, бат бөх талаасаа дутагдалтай. Энэ дутагдалтай талыг нөхсөн болохоор түүний даалин, аяганы уут эрэлт ихтэй, борлуулалт сайн байгаа аж.

Дулаан, бас эдэлгээ даах чадвартай бат бөх, цэвэр арьсан гутлыг малчид, орон нутгийн иргэд худалдан авах дуртай. Э.Сугирын хувьд эдгээр шаардлагаас гадна гуталдаа үндэсний уламжлалт хэв загварыг шингээж, хээ угалзаар чимж илүү гоёмсог харагдуулж урладаг. Монгол улс мал аж ахуйн орон учраас малын гаралтай арьс, шир, эсгий гээд үйлдвэрлэлийн үндсэн түүхий эдээр дутагдах бэрхшээл гарахгүй. Энэ бол түүний үйлдвэрлэлийн бас нэг давуу тал нь.

Үйлдвэрлэл эрхлэгчид бүгдээрээ цаашид хөгжих, өргөжих зорилготой байдаг. Гэхдээ орон нутагт үйлдвэрлэлээ өргөжүүлэх, цар хүрээгээ нэмэгдүүлэхэд мэдлэг чадвар, тоног төхөөрөмж, хөрөнгө мөнгө дутагдах гээд олон бэрхшээл гарна. Энэ бэрхшээлүүд ч түүнд тулгарч байлаа. Э.Сугир Оюу Толгой ХХК-ийн “Орон нутгийн бизнес эдийн засгийг дэмжих хөтөлбөр”-т хамрагдан шинээр бизнес эрхлэх, маркетингийн болон бизнесийн ганцаарчилсан, ажлын байран дахь аюулгүй ажиллагааны сургалтуудад хамрагдсан байна.

Түүнээс гадна сургалтад сууж, өөрөө бие даан бизнес төлөвлөгөө боловсруулж, банкнаас зээл авсан байна. Авсан зээлээрээ оёдлын болон хэрээсний машин, уурын индүү зэрэг тоног төхөөрөмж, ажлын гэр, түүхий эдээ худалдан авчээ. Тэрээр “Би орон нутгийн бизнес эдийн засгийг дэмжих хөтөлбөрт хамрагдаад бизнесийн талаар олон зүйлийг сурч мэдлээ. Өөрт хэрэгтэй зүйлийг мэдсэн болохоор бизнесээ өргөжүүлж сайжруулсан. Хэрвээ хөтөлбөр дахин үргэлжилбэл дараагийн удаа технологийн сургалтад сууж бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн” хэмээн ярьж байсан.

Одоо тэрээр орон нутгийн иргэдээс захиалга авч үйлдвэрлэлээ явуулахаас гадна Оюу Толгой төслийн талбайн дэлгүүрт бүтээгдэхүүнээ борлуулж байгаа аж. Оюу Толгой ХХК орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэгчдийг төрөл бүрээр дэмжих, хөгжүүлэх, цаашид нэг худалдан авагчаас хамааралгүй болгох, зах зээл дээр бие даан үйл ажиллагаа явуулах чадвартай болгоход үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа юм.

Орон нутгийн залуучуудад үйлдвэрлэл явуулах хүсэл сонирхол байдаг ч зарим талаар бизнесээ эхлэхэд төрөл бүрийн тусламж дэмжлэг хэрэгтэй байдаг. Хамгийн чухал нь хэн, хаанаас тусалж дэмжих бол гэж хүлээж суух биш өөрсдөө санаачилга гарган ажлаа эхлэх нь чухал. Ийм хүмүүст Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэн Э.Сугирын бизнесийн товч түүх бага ч гэсэн санаа өгч, жишээ болох биз ээ.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн