Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей Өмнөговь аймаг дахь төслийн талбайд ажилтнуудтай уулзалт хийж саяхан болсон осолтой холбогдуулан эмгэнэл илэрхийллээ.
Камерон МакРей дагалдан яваа удирдах бүрэлдэхүүний хамт 5 дугаар сарын 21-ний Бямба гаригт төслийн талбайд очмогцоо ажилчидтай уулзсан байна. Уулзалтын эхэнд тэрбээр осол гарч хүний амь эрсэдсэнд харуусч буйгаа илэрхийлээд Аврах алба болон төслийн бусад бүх ажилчдад энэ хүнд цаг үед хүчин чармайлт гарган ажиллаж буйд талархал илэрхийллээ.
“Өнгөрсөн Пүрэв гаригт бидний хоёр хамтран зүтгэгч харамсалтайгаар осолдлоо. Та бүхэн миний нэгэн адил талийгаачдын ар гэр, найз нөхөд, хамтран ажиллагсадтай тэдний уй гашууг хуваалцаж буйд талархаж байна. Компанийн зүгээс нэн тэргүүнд талийгаачдын ар гэрт тусламж үзүүлж, өөрийн болон гэрээт байгууллагуудын ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал хандуулан ажиллах болно.
“Түүнчлэн энэхүү ослоос сургамж авч үйл ажиллагаандаа шаардлагатай өөрчлөлтүүдийг шуурхай хийх нь чухал юм.” хэмээн Камерон МакРей цохон тэмдэглэсэн байна.
Уулзалтын үеэр нийт ажиллагсад нэг минут босч зогсон, осолд өртсөн ажиллагсдын дурсгалыг хүндэтгэлээ.
Оюу Толгойн удирдах баг төслийн талбайд үйл ажиллагаа явуулж буй бүхий л салбар нэгжүүдийн ажиллагсадтай уулзсаны зэрэгцээ ажиллагсад өөрийн ажлын байрны аюулгүй байдлын талаар хэлэлцүүлэг явуулсан байна.
Оюу Толгойн зүгээс ослын талаар нарийвчилсан шалгалтыг эхлүүлсэн. Уг шалгалтанд дэмжлэг үзүүлэх Рио Тинто, Айвенхоу Майнз, Флюрын аюулгүй ажиллагааны мэргэжилтнүүдээс бүрдсэн олон улсын баг өнөөдөр төслийн талбайд очоод байна.
Хариулт үлдээнэ үү