– 6 тэрбум гаруй төгрөгийн төсөв бүхий тус барилга угсралтын ажлыг үндэсний аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна –
Монгол улс, Улаанбаатар хот – Монголын уул уурхайн Оюу Толгой компани Өмнөговь аймагт усан хангамжийг сайжруулах, сумдын цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх, орон нутгийн ханган нийлүүлэгчдийг бэлтгэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн чадавхийг дээшлүүлэх, соёлын өвийг хамгаалах, иргэдийн эрүүл мэндийг сайжруулах зэрэг олон үйл ажиллагааг явуулж байгаа билээ.
Оюу Толгой ХХК-ийн Бүс нутгийн хөгжил, нийгмийн асуудал эрхэлсэн Дэд ерөнхийлөгч Т.Баярсайхан “Монгол улсын уул уурхайн хамгийн томоохон төсөл Оюу Толгой нь хараахан ашиглалтад орж амжаагүй байгаа ч Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд аль хэдийнэ хувь нэмрээ оруулж байна. Бид өнгөрсөн гурван жилийн хугацаанд тус аймгийн соёл, эдийн засаг, нийгмийн хөгжилд зориулан 30 гаруй тэрбум төгрөгийн хандив, тусламжийг үзүүлээд байна” гэсэн юм.
Одоогийн байдлаар Өмнөговь аймгийн нутагт хэрэгжиж буй дэд бүтцийн 12 төслийг Монголын үндэсний аж ахуйн нэгж, компаниуд гүйцэтгэж байна. Оюу Толгой компани нь эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр төслийг хангаж, улмаар Ханбогд сумын цахилгааны асуудлыг бүрэн шийдэхээр ажиллаж байгаа бөгөөд цахилгаан дамжуулах агаарын шугам тавих ажлыг дотоодын ханган нийлүүлэгч компаниудтай хамтран эхлүүлээд байна.
Оюу Толгой төслийн талбайгаас Ханбогд сум хүртэл 35кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын 6 тэрбум гаруй төгрөгийн төсөв бүхий барилга угсралтын ажлыг Бодь Интернэшнл, Илч Хангай компаниуд гүйцэтгэхээр гэрээ хийгээд байгаа бөгөөд энэ оны есдүгээр сард багтаан дуусгахаар төлөвлөж байна.
Ийнхүү Монгол улсын Засгийн газрын зөвшөөрлийн дагуу Оюу Толгой компани импортын цахилгаан, эрчим хүчний байнгын эх үүсвэртэй болтол Ханбогд сумыг 24 цагийн туршид найдвартай эрчим хүчний эх үүсвэртэй холбох бэлтгэл ажил хангагдаж эхэллээ.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Хариулт үлдээнэ үү