– 200 гаруй орон нутгийн ханган нийлүүлэгчид Оюу Толгой ХХК-тай хамтран ажиллаж 3 тэрбум орчим төгрөгийн бараа, үйлчилгээ нийлүүлжээ –
Монгол улс, Улаанбаатар хот – Монголын уул уурхайн Оюу Толгой ХХК-д Үндэсний 1000 гаруй ханган нийлүүлэгч компани бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа бөгөөд тэдний 200 гаруй нь орон нутгийн бизнес эрхлэгчид юм. Оюу Толгой компани Өмнөговь аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, хөгжүүлэх зорилго бүхий багийг 2010 онд байгуулан өнөөдөр 13 хүнтэйгээр Даланзадгад, Ханбогд сумуудад ажиллаж байна.
Өмнөговийн ханган нийлүүлэгчдийг дэмжих хөгжүүлэх ажлын хүрээнд олон санаачилга хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь бичил зээлийн хөтөлбөр юм. Нийт 1,5 тэрбум төгрөгийн зээлийн санг бүрдүүлж ХАС, ХААН банкаар дамжуулан Өмнөговь аймгийн Ханбогд, Даланзадгад, Манлай, Баян-Овоо гэсэн 4 сумдын бизнес эрхлэгчид, ханган нийлүүлэгчид болон шинээр бизнес эрхлэх хүсэлтэй иргэдэд хөнгөлөлттэй нөхцлөөр 2010 оноос эхлэн бичил зээлийг олгож эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийн үр дүнд орон нутгийн бизнесүүд бизнесээ өргөжүүлэн Оюу Толгой компанид бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хийж эхэлсэн юм. Одоогийн байдлаар Өмнөговь аймгийн 200 гаруй бизнес эрхлэгч нийт 3 тэрбум орчим төгрөгийн бараа, үйлчилгээг Оюу Толгой төсөлд нийлүүлээд байна. Тэдний нэг болох хувиараа бизнес эрхлэгч Ө.Шинэбаяр “Би бизнесээ 2006 оноос эхэлсэн. Тэр үед 2 компьютер, нэг хувилагч машинтай, 1 ажилтантай байсан. 2008 онд өөрийн бизнесээ өргөжүүлэн 5 ажилтантай болсон. Өнөөдөр бизнес маш амжилттай байгаа. Биднийг хөгжих, дэвжихэд бүх талаар тусалж байгаа Оюу Толгой ХХК-д баярлаж явдаг” хэмээн ярилаа.
Бичил зээлийн хөтөлбөрөөс гадна ханган нийлүүлэгч бизнесүүдэд бизнесийн мэдээлэл, ур чадварыг хөгжүүлэх, Оюу Толгой ХХК-ийн худалдан авах ажиллагаанд тавигдах стандарт, цаашид Монголын зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангах чадвартай нийлүүлэгч болж хөгжихөд нь туслаж чадавхжуулах зорилгоор нэг тэрбум төгрөгийн өртөг бүхий Даланзадгад Бизнес Хөгжлийн Төвийг барьж байгуулан идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ төв нь оёмол бараа бүтээгдэхүүн, оёдлын үйлчилгээ, бөс бараа, түүхий эд нийлүүлэлт, мод модон эдлэлийн үйлдвэрлэл зэрэг нийт 11 төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийг хөгжүүлэх, дэмжих ажлуудыг хийхээс гадна ханган нийлүүлэгчдийн зах зээлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон ажлуудыг зохион байгуулдаг. Үүний нэг жишээ нь саяхан зохион байгуулсан “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа юм. Энэхүү арга хэмжээнд орон нутгийн 67 бизнес эрхлэгчид оролцож, 40 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулжээ.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Хариулт үлдээнэ үү