Хэвлэлийн мэдээ: Оюу Толгойн гадаад ханган нийлүүлэгчид олон зуун шинэ ажлын байр бий болгож эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж байна

– Тэдний нэг Вагнер Ази компани өнгөрсөн онд 350 шинэ ажлын байр бий болгосон бол 2012 онд 400 ажлын байр шинээр бий болгоно-

Монгол улс, Улаанбаатар хот – Монголын уул уурхайн Оюу Толгой ХХК-ийн гадаад ханган нийлүүлэгч компаниуд Монголын аж ахуйн нэгжүүдтэй нягт хамтран ажиллах, орон нутгийн бизнес, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, төслийн үр өгөөжийг оновчтой болгох, нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагыг сайжруулах зэрэг үүргийг гэрээгээр хүлээдэг.

Энэхүү гэрээний үүргийн биелэлтийг хангуулах зорилгоор гадаадын ханган нийлүүлэгчдийг үнэлэх, гүйцэтгэлд нь хяналт тавих ажлуудыг хийж байна. Оюу Толгой ХХК-тай байгуулсан гэрээгээ биелүүлэн ажиллаж, бусдад үлгэр дууриал болж байгаа байгууллага бол Вагнер Ази компани юм. Тус компани Оюу Толгой ХХК-тай 2002 оноос хамтран ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн онд гэхэд томоохон ханган нийлүүлэгчдийн дундаас хамгийн олон захиалга авч бараа, үйлчилгээг эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны чанарын өндөр төвшинд, цаг хугацаанд нь хийж гүйцэтгээд байна.

Тус компани Монгол улсад үйл ажиллагаагаа эхлүүлээд 15 жил болж байгаа юм. Нийт 720 ажиллах хүчний зөвхөн 5 нь гадаадын мэргэжилтэн аж. Шинэ ажлын байр бий болгон, ажилчдаа мэргэжлийн ур чадвар эзэмшин байнгын орлоготой байх боломжийг бүрдүүлэн ажилладаг Вагнер Ази компани зөвхөн 2011 онд л гэхэд нийт 350 ажлын байр шинээр бий болгосон бол энэ онд дахин 400 шинэ ажлын байр шинээр бий болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ.

Үүнээс гадна тус компани Монгол улсад анх удаа дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн бүхий л багаж хэрэгсэл, компьютер, сансрын холбоо зэргээр тоноглогдсон, тоног төхөөрөмжийн эд ангийг дахин сэргээн засварлах зорилго бүхий Агрегат засварын төвийг нийт 18 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийн, өнгөрсөн онд ашиглалтад оруулсан байна. Энэ төвдөө өөрсдийн сургаж туршлагажуулсан, өндөр зэргийн ур чадвар бүхий монгол ажилчдыг бэлтгэн ажиллуулж байна. Мөн техникийн “Мастер” болон “А” зэрэглэлийн сургалт явуулдаг. Энэ сургалт нь 10 сар үргэлжлэх бөгөөд цалин, хоол унааны мөнгө олгож, амжилттай төгссөн хүмүүсээ 100 хувь ажлын байраар хангадаг байна.

Вагнер Ази компани нь Катерпиллар корпорацийн албан ёсны борлуулагч бөгөөд уул уурхай, эрчим хүч, барилга, зам, хөдөө аж ахуй зэрэг салбаруудад сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж борлуулах, түрээслэх үйлчилгээ үзүүлдэг юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн