Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой ХХК үндэсний ханган нийлүүлэгчдийг бодлогоор дэмжинэ

~ Энэ бодлого бизнесийн салбарыг хөгжүүлэхэд томоохон түлхэц болно ~

Монголын уул уурхайн Оюу Толгой ХХК нь Монгол улсад хангамжийн тогтвортой сүлжээ бий болгох, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа уул уурхайн салбарт чадварлаг ханган нийлүүлэгчдийг бий болгох, тэднийг дэмжих, хөгжүүлэх зорилго тавин ажилладаг. Энэ ажлын хүрээнд Оюу Толгой ХХК-ийн хангамжийн үйл ажиллагаанд баримтлах шинэ бодлогуудыг боловсруулж, хэрэгжүүлж эхлээд байна.

Оюу Толгой ХХК Худалдан авах ажиллагаандаа Нийлүүлэгчдийн гэрээ хэрэгжүүлэх чадварыг үнэлэх, Худалдан авах ажиллагааг зохион байгуулах, Стратегийн ач холбогдол бүхий гадаадын нийлүүлэгчидтэй хамтран ажиллах, Өмнөговийн ханган нийлүүлэгчдийг дэмжих, хөгжүүлэх, Үндэсний ханган нийлүүлэгчдийг дэмжих, хөгжүүлэх тухай болон Худалдан авалт хариуцсан ажилтны Ёс зүйн дүрэм зэрэг бодлогуудыг баримтлах юм. Мөн эдгээр бодлогуудыг хэрэгжүүлэх зорилго бүхий Үндэсний ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх хэлтэс өнгөрсөн оны 10 дугаар сард байгуулагдан ажиллаж байна.

Оюу Толгой ХХК-ийн хувьд үндэсний ханган нийлүүлэгчдийг эн тэргүүнд дэмжин ажиллаж ирсэн бөгөөд зөвхөн үндэсний нийлүүлэгчдэд чиглэсэн бодлогууд хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал тэдний гэрээ хэрэгжүүлэх чадварыг бэхжүүлэх, сургах, үнийн санал өөрчлөх эрх, үнийн урамшуулал зэрэг боломж нөхцлүүдийг олгохоор тусгасан. Энэ бол манай улсын бизнесийн олон салбарыг дэмжих, тогтворжуулах, тэднийг олон талаар хөгжүүлэхэд томоохон дэмжлэг болж байна.

Оюу Толгой ХХК-ийн Худалдан авалт хариуцсан Дэд ерөнхийлөгч Айван Велла “Бид бодлогын баримт бичигтээ Оюу Толгой ХХК-ийн худалдан авах ажиллагааны ил тод байдал, эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хүрээлэн буй орчинг эрхэмлэн Монгол Улсад өгөх үр өгөөжийг нэмэгдүүлэх, үүнд оролцож байгаа үндэсний ханган нийлүүлэгчдэд тавигдах шаардлага, тэдгээрийг хэрхэн дэмжих, хөгжүүлэх, талуудын хүлээх үүрэг зэргийг тусгасан. Мөн Өмнөговийн болон Үндэсний нийлүүлэгчдийг дэмжих, гадаадын нийлүүлэгчидтэй хэрхэн хамтарч ажиллах зарчимаа тодорхойлсон. Энэ бол Оюу Толгой ХХК Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний гүйцэтгэлийг ханган ажиллаж буйн нэг илрэл юм” хэмээн хэллээ.

Ханган нийлүүлэгчид Оюу Толгой ХХК-тай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа тохиолдолд эхлээд бодлоготой танилцах нь чухал. Тиймээс Оюу Толгой ХХК Худалдан авах ажиллагааны бодлогуудаа ил тод, нээлттэй байлгах зорилгоор компанийнхаа цахим хуудсанд байрлуулсан юм. Хэрвээ худалдан авах ажиллагаанд баримтлах зарчим болон холбогдох бодлогын баримт бичгүүдтэй танилцах хүсэлтэй бол www.ot.mn цахим хуудасны Ханган нийлүүлэгчид хэсэг рүү хандаж болно.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн