– Эдийн засгийн хөгжлийн гол үндэс нь жижиг, дунд үйлдвэрлэл юм –
Улаанбаатар хот, Монгол улс – Монголын уул уурхайн Оюу Толгой ХХК хөдөө орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, малчдад зориулан “Орон нутгийн бизнес эдийн засгийг дэмжих хөтөлбөр”-ийг 2011 оны 1 дүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэхүү хөтөлбөрт Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Даланзадгад, Баян-Овоо сумын иргэд хамрагдах боломжтой юм.
Өнөөдрийн байдлаар Бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 1.5 тэрбум төгрөгийн зээлийн сангаас орон нутгийн 50 гаруй жижиг, дунд бизнесийнхэн зээл авчээ. Тэдний нэг бол Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Далай” ферм юм. Говийн бүсэд уул уурхай эрчимтэй хөгжиж, орон нутагт шилжин ирэгсдийн тоо байнга нэмэгдэн, хүн амыг сүү, цагаан идээгээр хангах хэрэгцээ ч байнга өсөх болж. Орон нутаг дахь ийм эрэлтийг хангах зорилгоор Ханбогд сумын иргэн Т.Цогтбаатар, Р.Оюунаа нар сүүний “Далай” фермийн аж ахуй эрхлэхээр шийдэн энэхүү хөтөлбөрт хамрагдсан байна.
Эдний фермийнхэн Оюу Толгой ХХК-ийн Бизнесийг дэмжих хөтөлбөрийн зээлийн үйлчилгээнд хамрагдаж 3 жилийн хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй 7 сая төгрөгийн зээл авчээ. Зээлээрээ сүүний чиглэлийн “Казакын цагаан толгойт”, “Цизоп” үүлдрийн үнээ худалдан авч сүргийн тоогоо нэмж, үхрийн байраа засч шинэчилсэн байна. Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангахын тулд үхрүүдээ үзлэгт хамруулж, Оюу Толгой төсөлтэй хамтран ажилладаг малын эмч, мэргэжилтнүүдээс зөвлөгөө авсан байна.
Үүний зэрэгцээ шинээр бизнес эрхлэх, бизнес төлөвлөгөө боловсруулах, сүү, цагаан идээ боловсруулах зэрэг олон төрлийн сургалтад хамрагдан мэдлэг, чадвараа дээшлүүлж, сүү болон сүүн бүтээгдэхүүнээр орон нутгийнхаа иргэдэд үйлчилж, бизнесийн орлогоо нэмэгдүүлэх болжээ.
Зөвхөн өөрсдийн орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ шинээр 4 ажлын бий болгожээ. Мөн тэжээлийн ургамал тариалж, Оюу Толгой ХХК-ийн усны мониторингийн ажлын хүрээнд гар худгаа сэргээн засварласан байна. Ийнхүү говийн нөхцөлд зах зээлийн эрэлтэд суурилсан эрчимжсэн фермийн аж ахуй байгуулж, ашигтай ажиллан, өрхийн орлогоо нэмэгдүүлж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломжтой гэдгийг энэ жижиг үйлдвэрлэлийн жишээ харуулж байгаа юм.
Сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээл нь зөвхөн уул уурхайгаас хамааралтай биш, төвлөрсөн, хүн ам олонтой газарт, жилийн аль ч улиралд эрэлттэй байдгаараа онцлогтой. Тиймээс урт хугацааны тогтвортой бизнес юм.
“Далай” фермийн малчин Р.Оюунаа “Бид ихээхэн өгөөжтэй хөтөлбөрт хамрагдаж, мэддэгггүй байсан зүйлсээ сурч мэдэж авсан. Цаашид илүү ихийг хийж бүтээх хүсэл төрүүллээ” хэмээн ярилаа.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Хариулт үлдээнэ үү