Оюу Толгой Ханбогд сумын иргэдийн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулан ажилладаг

-Нутгийн иргэд олон төрлийн сургалтуудад хамрагдаж амжилттай төгсчээ-

Ханбогд сум, Өмнөговь аймаг – Монголын уул уурхайн Оюу Толгой ХХК ажиллах хүчин бэлтгэх сургалтын томоохон хөтөлбөр хэрэгжүүлж Монгол улсын түүхэнд хамгийн том санхүүжилт буюу 110 тэрбум төгрөг (85 сая ам. доллар) зарцуулах юм. Уг санхүүжилтээр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 3 төвийг шинээр барьж, 4 төвийг шинэчлэн сайжруулах бөгөөд багш бэлтгэх, оюутны тэтгэлэг олгох зэрэг олон хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Эдгээр хөтөлбөрүүдийн нэг болох Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийг ирэх улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Оюу Толгойн Хүний нөөц, сургалтын хэлтэс, Орон нутгийн харилцаа, тогтвортой хөгжлийн хэлтэс сумын Засаг даргын Тамгын газартай хамтран 'Ханбогд сумын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр'-ийг 2011 оны 8 дугаар сараас 2012 оны 2 дугаар сарын хооронд буюу 6 сарын хугацаатай хэрэгжүүлсэн юм. Ажил идэвхтэй эрж байгаа сумын иргэд, англи хэлний мэдлэгээ сайжруулах хүсэлтэй сургууль төгссөн шинэ оюутнууд, илүү боломжийн ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой 72 хүн уг хөтөлбөрт хамрагджээ.

Эдгээр хүмүүс сургалтын хугацаанд англи хэлний мэдлэгээ сайжруулан, ажилд ороход өөрийгөө хэрхэн бэлтгэх, шаардлагатай баримт бичгүүдийг зөв боловсруулах, мөн ажил олгогчдын ярилцлагад хэрхэн амжилттай оролцох зэрэг олон талын мэдлэгтэй болж, хөдөлмөрийн харилцаатай холбоотой хууль, тогтоомжуудыг судалжээ. Үүнээс гадна уул уурхайн танилцуулах сургалтад хамрагдаж, Оюу Толгойн танилцуулга, эрүүл мэнд, аюулгүй байдал, уурхайн үйл ажиллагаа, байгаль орчны талаарх мэдээлэл авчээ.

Сургалтын үр дүнд Ханбогд сумын ажил хайж байгаа иргэд хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх чадвараа дээшлүүлж, ажил хөдөлмөр эрхлэх боломжоо нэмэгдүүллээ. Сургалтад оролцогчид 'онцсайн' болон 'хангалттай сайн' үнэлгээтэй төгсөж, улмаар Оюу Толгой болон бусад ажил олгогчдоос зарласан ажлын байруудад өргөдөл гаргаж эхэлсэн бөгөөд зарим нь шалгаруулалтад амжилттай тэнцсэн байна.  

'Ханбогд сумын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр'-ийн сургалтад хамрагдсан иргэн Ж.Бармид “Энэ сургалт маш их үр дүнтэй боллоо. Биднийг сурах бүхий л боломж, нөхцлөөр хангаж өгсөн Оюу Толгой ХХК-д талархлаа илэрхийлье. Би сургалтад сууж англи хэлний мэдлэгээ сайжруулснаар тус төслийн ил уурхайн үйлдвэрлэлийн 'Дээжлэгч'-ийн ажилд шалгарсандаа баяртай байна” хэмээн ярилаа.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.