Оюу Толгой Ханбогд сумын хүн эмнэлэгт түргэний автомашин хандивлалаа

-Нутгийн иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, шуурхай авах боломжтой боллоо-

Манай улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч уул уурхайн Оюу Толгой ХХК монголчууд, тэр дундаа өөрийн үйл ажиллагаа явуулж байгаа орон нутаг, сумын иргэдийн нийгмийн тулгамдсан асуудлуудыг байнга анхаарч, шийдвэрлэж ирсэн юм. Энэ ажлынхаа хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин хандивлалаа. Ингэснээр энэ сумын болон алслагдсан иргэд эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг цаг алдалгүй, шуурхай авах боломжтой боллоо.

Тусламжаар өгсөн энэхүү Тоёота Ланд Круйзер-78 автомашин нь 2011 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд яаралтай тусламж үзүүлэх зориулалтаар бүрэн тоноглогдсон, хүчилтөрөгчийн аппарат суурилуулсан зэргээрээ давуу талтай. Говийн бартаат замыг туулах чадвар сайтай, бат бөх төдийгүй тохь тухтай үйлчилгээ үзүүлэх боломжтой уг автомашин 100 гаруй сая төгрөгийн үнэтэй юм.

Түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэж өгөхийн өмнө Оюу Толгойд байрлах Сос Медика Монголиа эмнэлгийнхэнтэй хамтран Ханбогд сум дахь Сум дундын эрүүл мэндийн төвийн эмч, жолооч нарт хэрхэн ашиглах талаар богино хугацааны сургалт явуулжээ.

Эмнэлгийн түргэн тусламжийн машин гардуулах ёслолын үеэр Оюу Толгой ХХК-ийн Бүс нутгийн хөгжил, нийгмийн асуудал эрхэлсэн Дэд ерөнхийлөгч Т.Баярсайхан “Оюу Толгой ХХК өөрийн ажиллагсад, тэдгээрийн гэр бүл, орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд байнга анхаарлаа хандуулж ажилладаг. Бид бүхний бодлого зорилт өнөөдөр бодит ажил болж байгаад баяртай байна. Эмнэлгийн түргэн тусламжийн автомашин хандивлаж байгаа нь эрүүл мэнд, олон нийтийн тусын тулд хийж буй ажлуудын нэг хэсэг юм” гэж хэллээ.

Оюу Толгой ХХК 2008 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын хүн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин хандивласан бөгөөд уг автомашин өнгөрсөн хугацаанд 112 мянган км зам туулж, нийт 114 удаагийн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх үйлчилгээнд ашиглагдсан байна.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн