Ажиллагсдаа хөдөлгөөний дутагдлаас үүдсэн өвчлөлөөс сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

– Оюу Толгой компани ЭМШУИС-тай хамтран судалгаа хийж байна –

Монгол улс, Улаанбаатар хот – Оюу Толгой компани Улаанбаатар оффисынхоо ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх зорилгоор ЭМШУИС-тай хамтран суурь судалгаа хийж байна.

Аливаа оффиссын ажилтнууд хөдөлгөөн багатай, суудлын ажил хийдгээс зүрх судасны өвчлөлд өртөх эрсдэл өндөр байдаг. Эрүүл мэндийн байгууллагуудын судалгаагаар Монгол улсад хөдөлгөөний дутагдлаас үүдсэн өвчин, тэр дундаа зүрх судасны өвчлөл их байгаа юм. Тодруулбал, зүрх судасны өвчлөл нь халдварт бус өвчнөөс үүдсэн нас баралт болон нийт өвчний үзүүлэлтэд эхний байрт бичигддэг байна.

Оюу Толгой компанийн Улаанбаатар дахь оффист өнөөдрийн байдлаар 800 гаруй хүн ажиллаж буй. Компанийн зүгээс ажиллагсаддаа зориулсан спортын арга хэмжээнүүдийг Оюу Толгойн Спорт клубтэй хамтран зохион байгуулдаг. Харин дээрх судалгааг хийж дууссаны дараа ажиллагсдаа хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх нэг жилийн хугацаатай хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх юм. Өөрөөр хэлбэл, судалгааны дүнд үндэслэн спортын төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах, биеийн тамираар хичээллэх боломжийг бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Судалгааны явцад мөн зүрх судасны өвчлөлийн эрсдлийн төвшнийг давхар тодруулах юм. Ингэснээр ажиллагсдынхаа эрүүл мэндийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний дутагдал, зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх ач холбогдолтой.

Оюу Толгой компани цаашид ЭМШУИС-тай хамтран ажиллаж, эрүүл мэндийн чиглэлээрх судалгаагаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ түүнд тулгуурлан тодорхой арга хэмжээ авах хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Энэ бүхэн нь Монголын эрүүл мэндийн салбарт Оюу Толгой компанийн зүгээс хувь нэмрээ оруулж, ажиллагсдынхаа болон иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн