Эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг чадварыг зөвхөн ажлын байранд бус бусад ямар ч нөхцөлд ашиглах боломжтой
Монгол улсын эдийн засгийн гол тулгуур болж хөгжих дэлхийн хэмжээний шилдэг уул уурхайн төслийг Оюу Толгой ХХК Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт хөгжүүлж байгаа билээ. Энэ онд анхны хүдрийн олборлолтоо эхлүүлж, ирэх жилээс бүтээгдэхүүнээ боловсруулж, олон улсын зах зээл дээр борлуулалтаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа Оюу Толгой ХХК уурхайн ашиглалтын үедээ нийт ажилчдын 90 хувийг монгол ажилчдаар бүрдүүлэн ажиллах юм.
Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны талаар баримтлах Монгол улсын хууль тогтоомж, мэргэжлийн хяналтын стандартуудыг Оюу Толгой ХХК өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон нийт ажиллагсдынхаа эрүүл мэнд, ажлын аюулгүй байдлыг эрхэмлэн ажиллаж байна.
Ажлын байрны аюулгүй байдал, ажилчдын эрүүл мэнд бол зөвхөн уурхайн талбайн ажилчдад хамаараад зогсохгүй суугаа ажил гүйцэтгэж буй оффисын албан хаагчдад мөн чухал ач холбогдолтой. Нийт ажилчдын эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг онцгой анхаарч олон улсын шилдэг туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байгаа Оюу Толгой ХХК ажилчдынхаа эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг сайжруулах сургалтыг явуулдаг.
Оюу Толгой ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа хариуцсан Ерөнхий менежер Пол Гербер “Оюу Толгой компанийн Улаанбаатар, Даланзадгад, Ханбогд дахь оффисын зуун тавь гаруй ажилчид эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг, чадвартай болоод байна. Компанийнхаа 10 ажилчин тутмын 1-ийг эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг, ур чадвартай болгох зорилт тавиад байгаа Оюу Толгой ХХК-ийн энэхүү санаачилга, дотоод ажилчдын сургалтын хөтөлбөр нь хариуцлагатай уул уурхайн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны хамгийн гол үзүүлэлт юм” гэлээ.
Тэрээр цааш нь “Оюу Толгой ХХК-ийн ажилчдаас гадна уурхайн нөлөөллийн бүсэд амьдардаг нутгийн 72 малчин болон 42 орон нутгийн ханган нийлүүлэгчид эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг, ур чадвар олгох сургалтад хамрагдаад байна. Төв суурин газраас алслагдсан, эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай авах боломжгүй эдгээр малчдын хувьд эрүүл мэндийн шаардлагатай анхан шатны тусламжийг үзүүлэх чадвартай болсон нь Оюу Толгой ХХК-ийн нийгмийн хариуцлага, орон нутгийн хөгжлийг дэмжих бодлогыг дэмжсэн үйл ажиллагаа боллоо” гэсэн юм.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Хариулт үлдээнэ үү