Дэлхийн шилдэг уул уурхайн компаниуд эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны удирдлагын тогтолцоог ашигладаг
Монголын хамгийн том алт, зэсийн уурхайг ашиглалтад оруулахаар бүтээн байгуулалтын ажлынхаа гуравны хоёрыг ардаа хийгээд байгаа Оюу Толгой ХХК эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны удирдлагын нэгдсэн тогтолцоог амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.
Дэлхийн уул уурхайн тэргүүлэгч Рио Тинто компанийн ашигладаг “Бизнес шийдэл” буюу эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны цахим нэгдсэн удирдлагын тогтолцоо нь ийнхүү Монголын уул уурхайн салбарт ашиглагдаж эхэллээ.
Герман улсын шилдэг инженерүүдийн зохион бүтээсэн тэргүүний програм хангамж болох SAP дээр суурилсан энэхүү системийг уул уурхайн компани ашигласанаараа аливаа аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд болон байгаль орчинтой холбоотой осол, зөрчил, асуудлуудыг цаг алдалгүй мэдээлэх, эдгээрийн суурь шалтгааныг тодорхойлох, хяналт тавихаас гадна өнгөрсөн хугацаанд гарсан осол зөрчлийг цаашид давтахгүй байх, сэргийлэх бүхий л арга хэмжээг цахим орчимд цогцоор нь шийдэх боломжоор хангагдах юм.
Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “Дэлхийн уул уурхайн тэргүүн туршлагыг Монголын уул уурхайн салбарт нэвтрүүлэхээр ажиллаж байгаа Оюу Толгой компанийн хийж буй ажлын нэг амжилттай жишээ нь энэхүү эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны удирдлагын нэгдсэн систем юм. Монгол улсад анхдагч гэдэг утгаараа уул уурхайн аюулгүй ажиллагааны салбарт хөгжил дэвшил авчирна гэдэгт итгэл төгс байна" гэсэн юм.
Тэрээр “Нийт ажилчдынхаа аюулгүй байдлыг дээд зэргээр ханган ажиллаж байгаль орчинд хамгийн бага нөлөөлөл үзүүлэхүйц хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь Оюу Толгой компанийн хамгийн гол зорилго юм. Энэхүү зорилгоо бодит ажил болгоход эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны менежментийг тасралтгүй сайжруулахад чиглэсэн тус нэгдсэн удирдлагын тогтолцоо гол хувь нэмэр оруулна” гэлээ.
Оюу Толгой ХХК нь 2012 онд эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны олон улсын ISO 14001:2004 болон бусад стандартуудыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Хариулт үлдээнэ үү