"Оюунлаг хүмүүн Монголын баялаг" уриатай Оюу Толгой ХХК үндэсний мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмрээ оруулж байна
Монгол Улс, Улаанбаатар (ot.mn) Оюу Толгой ХХК Шилдэг ханган нийлүүлэгчдээ өргөмжлөх “Эрдэнийн говь” ёслолыг өнгөрөгч пүрэв гаригт зохион байгуулж, шилдэг 20 ханган нийлүүлэгч байгууллагыг тодруулсан билээ.
“Оюунлаг хүмүүн Монголын баялаг” уриатай Оюу Толгой ХХК Монгол Улсын боловсролын салбарт хөрөнгө оруулж, үндэсний мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Техник мэргэжлийн сургалтыг дэмжигч Шилдэг ханган нийлүүлэгчийг шалгаруулсан бөгөөд “Трансвэст” ХХК түүчээлсэн юм.
Трансвэст ХХК нь ШУТИС-ийн Механик инженерийн сургуультай хамтран техник мэргэжлийн чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын амжилтаараа Оюу Толгой ХХК-ийн Техник мэргэжлийн сургалтыг дэмжигч Шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарлаа. Тус компани хүнд машин механизмын техникийн ажилтан бэлтгэх хөтөлбөр санаачлан Механик инженерийн сургуулийн 30 оюутныг суралцуулж, хоёр танхимд сургалтын тоног төхөөрөмж суурилуулж, багш нараа Австралийн Техник мэргэжил дээшлүүлэх төв Кюүнслэндийн институтын сургалтад хамруулжээ. Мөн тус сургуультай хамтран хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны видео хичээлийг монгол хэлнээ хөрвүүлсэн, Монголын Засгийн газраас анхны гадаадын хөрөнгө оруулалттай компанийн Техник мэргэжлийн сургалтын төв болж магадлан итгэмжлэгдсэн амжилтыг дурьдах ёстой. Ийнхүү боловсролын чиглэлээр үр дүнтэй хамтын ажиллагаа, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлсэн Трансвэст ХХК-ийг Оюу Толгой ХХК Техник мэргэжлийн сургалтыг дэмжигч Шилдэг ханган нийлүүлэгчээр өргөмжилж байна.
Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх “Оюу Толгой компани мэргэжлийн сургалтын хөтөлбөртөө 110 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, таван хот, суурин газарт хоёр жишиг их сургууль болон гурван МСҮТ байгуулна. Мөн Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 120 оюутныг дотоодын, 30 оюутныг гадаадын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцуулна. Энэхүү сургалтын хөтөлбөр нь Монголын үндэсний мэргэжилтэн бэлтгэхэд онцгой хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэв.
Оюу Толгой ХХК мөн Ханбогд суманд жилдээ уул уурхайн 150 мэргэжилтэй ажилчид бэлтгэх МСҮТ барьж байгаа бөгөөд үүний зэрэгцээ тус сумын иргэдэд зориулсан 350 сая төгрөгийн сургалтын хөтөлбөр боловсруулан, төрөл бүрийн сургалт зохион байгуулж байна.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Хариулт үлдээнэ үү