Оюу Толгой ХХК-ийн Бичил, жижиг бизнесийн Шилдэг ханган нийлүүлэгч 460 сая төгрөгийн бараа үйлчилгээ үзүүлжээ

 

Үндэсний 1000 гаруй аж ахуйн нэгж дэлхийн шилдэг уул уурхайн хөгжил, бүтээн байгуулалтыг урагшлуулахад хувь нэмрээ оруулж байна


Ц.Чинбат / Танан импекс ХХК-ийн Ерөнхий захирал

Монгол улс, Улаанбаатар (ot.mn) Оюу Толгой ХХК өнгөрсөн долоо хоногт 2011 оны шилдэг 20 ханган нийлүүлэгчийг тодруулсан билээ. “Эрдэнийн Говь” шагналыг хүртсэн эдгээр шилдэг ханган нийлүүлэгчээс Бичил жижиг, Жижиг дунд, Үндэсний том бизнес гэсэн гурван шагналыг хүртсэн компаниудыг онцолж байна.

Өнгөрсөн оны 3, 8-р сард Оюу Толгой ХХК-ийн сарын Шилдэг жижиг ханган нийлүүлэгчээр шалгарч байсан Баумат Хаус ХХК нь Оюу Толгой төсөлд оффисын тавилгын нийлүүлэлтийг хариуцаж байна. Өнгөрсөн онд 4 шинэ ажлын байр бий болгож 460 сая гаруй төгрөгийн бараа, үйлчилгээг цаг хугацаанд нь хариуцлагатай нийлүүлсэн амжилтаараа Бичил бизнесийн Шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарлаа.

Сүүлийн 7 жилийн хугацаанд Оюу Толгой ХХК-д нислэгийн тийзийн үйлчилгээг үзүүлж байгаа Эйр Транс ХХК нь 2011 онд нийт 5,5 тэрбум төгрөгийн үйлчилгээг гэрээнд заасан шаардлагад бүрэн нийцүүлж чадсан ололтоороо Жижиг, дунд бизнесийн Шилдэг ханган нийлүүлэгч боллоо.

Харин 2011 оны Үндэсний том бизнесийн Шилдэг ханган нийлүүлэгчээр Оюу Толгой ХХК-ийн гидрогеологийн хайгуул, усны өрөмдлөгийн ажил үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа Танан Импекс ХХК шалгарсан юм. Эднийх нийт 237 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнгөрөгч онд Оюу Толгой төсөлд нийт 5 тэрбум төгрөгийн үйлчилгээг эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, байгаль орчны болон чанарын шаардлагын дагуу нийлүүлээд байна.

Оюу Толгой ХХК-ийн Худалдан авалт хариуцсан Дэд ерөнхийлөгч Жон Жонс “Оюу Толгой төсөл өдөр бүр 10,4 тэрбум төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авч байна. Үндэсний 1000 гаруй ханган нийлүүлэгчид, тэр дундаа эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, байгаль орчны чанарын шаардлагыг дээд зэргээр хангаж, оны шилдгээр тодорсон эдгээр компаниуд дэлхийн шилдэг уул уурхайн хөгжил, бүтээн байгуулалтыг урагшлуулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна” гэсэн юм.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн