Оюу Толгой Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтыг дэмжиж ажилладаг

 

Таван төрийн бус байгууллага 112 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлнэ

Монгол улс, Улаанбаатар (ot.mn) Оюу Толгой ХХК олон нийтийн эрх ашиг, сайн сайхны төлөө ажиллаж буй төрийн бус байгууллагыг дэмжигч гэдгээ олон зүйлээр харуулдаг. Тухайлбал, Монгол Улсын Мянганы Хөгжлийн Зорилтуудыг биелүүлэхэд хувь нэмэр оруулах төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж байна.

Өнгөрсөн оны сүүлийн улиралд Оюу Толгой ХХК төслийн санхүүжилт хүссэн 64 өргөдлийг хүлээн авч, компанийн үнэлгээний баг урьдчилан боловсруулсан шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэн, шаардлага хангасан таван төслийг санхүүжүүлэхээр шийдсэн. Шалгарсан төслүүд нь Мянганы Хөгжлийн Зорилтуудаас байгаль орчны тогтвортой байдлыг хангах, хүний эрхийг хамгаалах гэсэн зорилтуудад хувь нэмрээ оруулна гэж үзэн санхүүжүүлэхээр болсон юм.

Тухайлбал, “Сэтгэлзүйн увидас” төв хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэл засал, зөвлөгөө өгөх чиглэлээр сургалт явуулдаг бөгөөд Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй 560 гаруй иргэнд сургалт, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулах төсөл ирүүлсэн нь шалгараад байна. Түүнчлэн “Баянзүрх эмэгтэйчүүд хөгжил” төв хүрээлэн буй орчноо тохижуулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд төслийнхөө хүрээнд хотын алслагдсан гэр хороолол болох Баянзүрх дүүргийн Хужирбулангийн 13, 14 дүгээр гудамжны 60 айл өрхөд мод тарих сургалт явуулж өрх бүрийг хашаандаа мод тарихад нь төслийн санхүүжилтээ зарцуулах болно.

Оюу Толгойн ХХК-ийн санхүүжилтээр “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо” хөгжлийн бэрхшээлтэй 10 эмэгтэйтэй хамтран ажиллаж, тэдний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нь туслан нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлнэ. Мөн “Амьтан хамгаалагч хүүхэд залуучуудын клуб” нь Оюу Толгойн санхүүжилтээр сургуулийн насны 210 хүүхдэд байгаль, ан амьтныг хамгаалах талаар сургалт зохион байгуулж, байгальд ээлтэй, эх оронч иргэнийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.

“Альяандра эмэгтэйчүүд хөгжил төв” төрийн бус байгууллагынхан гэр хорооллын агаарын тоосжилт, үнс, хөө тортгийн бохирдлыг тодорхой хувиар бууруулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны Баянцагааны 10, 11, 12 дугаар гудамжинд оршин суудаг 268 өрхийн 1108 иргэдтэй хамтран өрх бүр хашаандаа ногоон байгууламж, гудамж бүрт явган хүний зам барих төсөл ирүүлсэнийг Оюу Толгой ХХК санхүүжүүлэхээр болсон юм.

Оюу Толгой ХХК дээр дурьдсан төрийн бус байгууллагуудад нийтдээ 112 сая 715 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд эдгээр төслүүд энэ оны хоёр, гуравдугаар улиралд хэрэгжинэ.

“Баянзүрх эмэгтэйчүүд хөгжил төв”-ийн тэргүүн Б.Хишигт “Оюу Толгой компани бидний боловсруулсан төслийг санхүүжүүлэхээр шийдсэнд их баяртай байгаа. Манай төв гэр хорооллын иргэдтэйгээ нийлж хамтдаа амьдрах орчноо сайжруулах төсөл боловсруулсан юм. Оюу Толгой компани Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулахын тулд аливаа ажлыг том, жижиг гэж ялгалгүй хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлж байгаад нь баярлалаа гэж хэлмээр байна” гэсэн юм.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн