“Oюу тoлгой” компани болон НҮБ-ын Хүн амын сан хамтран Өмнөговь аймагт нийгмийн үзүүлэлтийн судалгааг эхлүүллээ

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес, НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахара нар Өмнөговь аймгийн Ханбогд сумын залуучуудын хөгжилд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, тус аймгийн нийгмийн үзүүлэлтийн статистик мэдээ, мэдээллийг цуглуулж судалгаа хийх хамтарсан гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Эдгээр байгууллагууд өнгөрсөн гурван жилд Ханбогд суманд залуучуудын хөгжлийн төв, өсвөр үе, залуучуудад ээлтэй клиник, үе тэнгийн сургагч нарын сүлжээг байгуулж, залуучууд бие даан бизнес эрхлэх явдлыг дэмжсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж, залуу малчид, алслагдсан эмзэг бүлгийн залуучуудыг дэмжиж ирсэн юм.

НҮБ-ын Хүн амын сан энэхүү түншлэлийн хүрээнд үндэсний түвшинд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай анхны хуулийг батлуулахын төлөө амжилттай ухуулга нөлөөлөл хийж, уг хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газарзалуучуудын хөгжлийн төвүүдийн хүний нөөц, зардлыг нь хариуцахаар болсон юм.

Ханбогд сумын залуучуудын хөгжлийг дэмжих энэхүү хамтын ажиллагааны хоёр дахь шатанд “Оюу толгой” компани НҮБ-ын Хүн амын санд 230 мянган ам.долларын санхүүжилт олгож, НҮБ-ын Хүн амын сан өөрийн нөөцөөс 231 мянган ам.доллар нэмж хуваарилахаар тохиролцов.

Түншлэлийн хоёр дахь шатлалын хүрээнд тус хоёр байгууллага томоохон уул уурхай орон нутаг, иргэдэд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлохын тулд Өмнөговь аймагт нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны судалгааг 300 мянган ам.доллараар хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Ингэхдээ гурван дэд судалгаа хийх бөгөөд үүний нэг нь улс орон даяар явуулдаг нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа юм.

Засгийн газар тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хянах үндэсний хүрээг боловсруулж буй энэ үед найдвартай тоон мэдээ, мэдээллийг цаг алдалгүй тогтмол цуглуулахад хөрөнгө оруулж, стратеги төлөвлөгөө гаргах шаардлагатай байна. Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа нь энэхүү үйл явцыг ялангуяа Өмнөговь аймагт (аймгийн түвшинд) дэмжиж байна.

“Оюу толгой” компани, НҮБ-ын Хүн амын сангийн энэхүү түншлэлийн хүрээнд хувийн хэвшил болон хөгжлийн салбарт ажилладаг тус хоёр байгууллага хамтран ажиллаж байна. Ийм шинэлэг хамтын ажиллагаа нь НҮБ-ын агентлагийн хувьд анхных юм.

Гарын үсэг зурах ёслолын үеэр НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахара “өнгөрсөн гурван жил Ханбогд сумын залуучуудын хөгжлийн төлөө хамтран хэрэгжүүлсэн ажилдаа “Оюу толгой” компани, НҮБ-ын Хүн амын сан сэтгэл хангалуун байж, хүрсэн үр дүнгээрээ бахархаж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна” гээд “хоёр дахь төслөө хэрэгжүүлэхээр өнөөдөр бид гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ төслийн хүрээнд Өмнөговь аймагт нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны судалгаа хийнэ. НҮБ-ын Хүн амын сан нутгийн хүн ам, ялангуяа эмзэг бүлгийнхэнд чиглэсэн баримтад тулгуурласан, үр дүнд хүрэхийг зорьсон төлөвлөлт, төсөв боловсруулалтад чухал ач холбогдолтой, чанартай, найдвартай тоон мэдээ, мэдээллийг Өмнөговь аймагт гаргаж өгөхийн төлөө ажиллана” гэж мэдэгдэв.

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “гурван жил ажилласны эцэст Залуучуудын хөгжлийн төв одоо тус бүс нутагт залуучуудыг хөгжүүлэх, тэднийг амьдрах ухаанд сургаж, бизнес санаачилгуудыг нь дэмжих гол байгууллага боллоо. Өнөөдөр эхлүүлж буй хамтын ажиллагааны хоёр дахь шатлалын хүрээнд залуучуудад нөхөн үржихүйн эрүүл мэнд, амьдрах ухааны цогц боловсрол олгохын сацуу залуучуудын гарааны бизнесийг дэмжинэ” гэж онцлов. Мөн “мэдлэг, чадвартай залуучууд бол бид бүхний эрэлхийлж буй ахиц дэвшилд хүрэх хөдөлгүүр юм. Үргэлжлүүлэн хөрөнгө оруулснаар Ханбогд сумын залуучууд цэцэглэн хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна. НҮБ-ын Хүн амын сан болон Ханбогд сумын засаг захиргаатай ийнхүү үр дүнтэй хамтран ажиллаж байгаагаараа бид бахархаж байна” гэв.

НҮБ-ын Хүн амын сан Монгол Улсын Засгийн газартай хамтран “Оюу толгой”, Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр өнөөг хүртэлМонгол Улс даяар залуучуудын хөгжлийн 16 төвийг байгуулаад байна. Эдгээр төв нь хариуцлагатай, эерэг хандлагатай, бие даасан залуу үеийг төлөвшүүлэхийн төлөө ажиллаж байна.

Түншлэлийн давуу талыг онцлон хатагтай Китахара хэлэхдээ “Оюу толгой” компани нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх идэвх зүтгэлээрээ бусдад үлгэр дууриал болохуйц байгууллага юм. “Оюу толгой” Монголын олон нийтийн хөгжлийг дэмжиж, шаргуу зүтгэж байгаад бид маш их баяртай байна” гэв.

“Oюу толгой” компаниас санхүүжүүлдэг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” саяхан НҮБ-ын Хүн амын сан, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол Улсын Засгийн газар, Австралийн Засгийн газартай хамтарсан “Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөр”-ийг дэмжихээр болсон билээ. Энэ хөтөлбөр ньтаван сая гаруй ам.долларын өртөгтэй бөгөөд үүний 1.7 сая ам.долларыг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” санхүүжүүлнэ. Энэ оны дөрөвдүгээр сарын эцсээс энэхүү нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байна.