Ярилцлага: О.Цэрэннадмид “Оюу Толгой соёлын өвийг хамгаалах талаар юу хийдэг вэ гэж үү?”

Дэлхийд тэргүүлэгч Монголын уул уурхайн компани Оюу Толгойгоос хэрэгжүүлж буй олон төсөл, хөтөлбөрийн нэг нь соёлын өвийнх юм. Энэ талаар тус компанийн газар, соёлын өвийн ахлах мэргэжилтэн О.Цэрэннадмидтай ярилцлаа.

Оюу Толгой компани уул уурхайн нүсэр их ажлын хажуугаар соёлын өвийг хамгаалах талаар чамгүй ихийг амжуулдгийн учир юу вэ?
Монгол улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулах талбайгаа мэргэжлийн байгууллагад үзүүлж албан ёсны зөвшөөрөл авдаг юм. Гэтэл уул уурхайн компаниудын дөнгөж 7-8 хувь нь энэ хуулийн заалтыг хэрэгжүүлдэг гэсэн судалгаа байдаг юм билээ. 2010 онд хийсэн уг судалгаагаар уул уурхай эрхэлдэг компаниуд дээрх хуулийн заалтыг 40 орчим удаа хэрэглэсний 20 гаруй буюу тал хувь нь манай компанид ногдож буй гэдгийг тодорхойлсон.

Монголд уул уурхайн компаниуд соёлын өвийг хамгаалж байсан туршлага өмнө нь бараг байсангүй гэж хэлж болох байх. Тэгэхээр Оюу Толгой компани энэ талаар бусдад үлгэр жишээ үзүүлсэн гэж хэлж болох нь ээ?
Ер нь дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлэгч Рио Тинто Монголд орж ирснээр соёлын өвийн менежментийг хэрэгжүүлэх боломж нээгдсэн гэж хэлж болно. Рио Тинто компанийн үйл ажиллагаа явуулдаг Австралид гэхэд уурхайг нээхээс хаах хүртэлх хугацаанд соёлын өвийг хамгаалах талаар маш нарийн журамтай байдаг. Одоо бид Оюу Толгойд Рио Тинтогийн тэр менежментийг хэрэглэж байгаа.

Рио Тинтогийн менежмент гэдгээ жаахан тодруулна уу?
Товчоор хэлбэл, уурхайн үйл ажиллагаа явуулахаар анх газар хөндөхөөс эхлээд л орон нутаг, холбогдох талуудын оролцоотойгоор тухайн улс, орон нутгийн хууль журам төдийгүй олон улсын норм, стандартыг дагаж мөрдөн хэрэгжүүлнэ гэсэн үг. Соёлын өвийг цогц байдлаар авч үзэн үйл ажиллагааныхаа нэг хэсэг болгохыг л Рио Тинтогийн стандарт гээд байгаа юм. Бид энэхүү стандартыг Монголд, Оюу Толгойд мөрдөж байна. Австралийн уугуул иргэдийн эрх, соёлын өвийг тууштай хамгаалдаг археологич Элизабета Брадшо хатагтай Рио Тинтод ажилладаг. Түүнийг Рио Тинто компанийн соёлын өвийн менежментийн 'загалмайлсан эх' гэж нэрлэж болох юм. Мөн Оюу Толгой уурхайд доктор Амарбаясгалан, археологич Батзориг нарын бүрэлдэхүүнтэй соёлын өвийн баг ажиллаж буй. ШУА-ийн Түүхийн болон Археологийн хүрээлэн, Палеонтологийн төвтэй байнга хамтран ажиллаж байна.

Уурхайн талбайгаас ямар нэг ховор олдвор илрүүлбэл яах ёстой вэ?
Ямар нэг олдвор олдвол яах тухай тусгай журам бий. Түүнийг л мөрдөх ёстой. Энэ журмын дагуу мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж хамгаална. Ингэж хамгаалахын тулд зайлшгүй хийх ажил ч бий. Ер нь улсын хилийн ойролцоо нутаг учраас булш, бунхан цөөнгүй олддог юм билээ. Манлай сумын 'Шар цав' гэдэг газарт динозаврын олон мянган мөр бий. Ийм дурсгал дэлхийд бараг байхгүй. Эзгүй газар учраас түүнийг хамгаалахгүй орхивол устаж үгүй болох аюул нүүрлэж байв. Оюу Толгой компани тэрхүү дурсгалыг тойруулан хашаа барьж, гүний худаг гаргаж хамгаалж байгаа. Цаашдаа нарийвчлан судалж жуулчдыг татах зорилгоор байгалийн задгай музей болгож ч болох юм. Хоёр палеонтологич байнга тэнд ажиллаж байгаа. Археологийн хүрээлэн 2011 онд Оюу Толгой компанийн шинэ технологи нэвтрүүлсэн шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарч байсан нь тэдний ажлын цар хүрээг бэлхнээ илтгэж байгаа хэрэг.

Ийм жишээ олон бий юү?
Ханбогд сумын 'Үрэлбэ' гэдэг газраас олдсон палеонтологийн олдворыг Палеонтологийн төвийнхөн судалж дүгнэлт гаргасны дагуу Гүний хоолойгоос Оюу Толгойн уурхай руу татаж байсан усны хоолойн чиглэлийг нэг км-ээр өөрчилсөн. Анх удаа өвлийн улиралд малтлага хийснээрээ их онцлог. Олон улсын практикт ч ийм тохиолдол ховор юм билээ. Нийтдээ 80 гаруй олдвор малтаж авсныг лабораторид авчран шинжилж байгаа. Судалгаа шинжилгээ бараг хоёр жил шахам хугацаанд үргэлжлэх байх. Эртний амьтны араг яс бүтнээрээ олдсон ч юм бил үү. Хэрвээ түүнийг хамгаалаагүй бол эксковаторын гинжин дор орох байсан шүү дээ.

Мэдээж, соёлын өв, археологийн болон палеонтологийн олдворыг малтах, шинжлэх зэрэг ажилд чамгүй их санхүүжилт хэрэгтэй. Үүнийг хаанаас гаргадаг юм бэ?
Бүхий л зардлыг тухайн талбайд төсөл хэрэгжүүлэгч компани хариуцна гэсэн хуулийн заалт бий. Энэ дагуу бүх зардлыг Оюу Толгой санхүүжүүлж байгаа.

Оюу Толгойд эрт дээр үед зэс олборлож байсан ул мөр илэрсэн гэсэн?
4,000-5,000 жилийн өмнө Оюу Толгойд зэсийн хүдэр ухаж, түүнийгээ хайлуулж байсан гэх ул мөр байгааг археологич Цэвээндорж, Амартүвшин нар судалж тогтоогоод байна. Оюу Толгой овоо ил уурхайн гол дунд байсан. Түүний гурван хэмжээст зураг, өнгөн хөрс, ургамлын бүрхэвч, аман түүх зэрэг цогц мэдээллийг баримтжуулан авч хадгалсан, музей байгуулахаар загварыг нь тэнд байрлуулах юм. Оюу Толгойг нээсэн анхны уурхайчид, археологич, нутгийн иргэдийн дурсамжийг ч бичиж хадгалаад байна.

Оюу Толгойгоос түүх, соёлын цөөнгүй олдвор олсон гэлээ. Гэтэл энэ тухай тодорхой мэдээлэл бараг дуулддаггүй шүү дээ?
Энэ тухай тодорхой мэдээллийг нийтэд тарааж болохгүй шүү дээ. Хэрвээ тэнд тийм түүхийн дурсгал байна, тэндээс тийм ховор олдвор олдлоо гэвэл ашиг хонжоо хайсан хүмүүс тэр даруй очоод ухаж сэндийлэхийг үгүйсгэхгүй. Харин эрх бүхий мэргэжлийн байгууллага, орон нутгийн захиргаанд энэ тухай тайланг хадгалж байдаг юм. Өмнийн говь бол үлэг гүрвэлийн өлгий нутаг. Тийм болохоор тэндхийн соёлын өв, археологи, палеонтологи, угсаатны зүйн ховор олдвор, дурсгалыг хамгаалах нь зөвхөн Оюу Толгой компанийн үүрэг биш, тэнд үйл ажиллагаа явуулж буй олон аж ахуйн нэгж зүй ёсоор анхаарах учиртай.

Оюу Толгой компани Соёлын өвийн хөтөлбөр хэрэгжүүлдэггэсэн?
2010 онд зарласан олон улсын тендерт Монголын ШУА, АНУ, Австрали, Канадын хамтарсан консорциум ялж соёлын өвийг хамгаалах томоохон хөтөлбөр боловсруулсан юм. Үүний үр дүнд биет бус соёлын өвийн эрсдлийн үнэлгээг Монголд анх удаа хийсэн юм.

Биет бус соёлын өвийг хамгаалах чиглэлээр танай компани ямар ажил хийж байна вэ?
Энэ талаар чамгүй ажил амжуулж байгаа. Тухайлбал, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын иргэн Сүхбаатар гуайд говь нутгийн хөгшчүүлийн дуулдаг 100 гаруй уртын дууны эх байсан. Түүнийг CD цомог, ном болгож олны хүртээл болгосон. 'Уяхан замбуутивийн наран' гэхэд л олон бадагтай, анхныхаа эх хувилбараар байх жишээтэй. Ойрын үед гэхэд л язгуур урлагийн сургалт зохион байгуулж, аман түүхийг баримтжуулах бичил төсөл хэрэгжүүлэхээр зэхэж байна. Багш нараа сургах, соёлын төвийг тоног төхөөрөмжөөр хангах, Баяжихын агуй, Дэмчогийн хийд, Жавхлант хайрхан зэрэг түүх дурсгалын газрыг хамгаалах, тохижуулах, наадам, Цагаан сар, уул овооны тахилга зэрэг төрөл бүрийн арга хэмжээг дэмжих зэргээр соёлын өвийг хамгаалах талаар Оюу Толгой компанийн тогтмол хийж буй ажил зөндөө бий. Ханбогд сумын соёлын төв маш сайн ажилладаг. Энэ төвийн эрхлэгч И.Нарангэрэл Соёлын гавьяат зүтгэлтэн гэх эрхэм алдрыг Монголын 330-аад сумынхнаас анх удаа хүртсэн юм. Ханбогд хайрхны тахилгад зориулж ноён хутагт Д.Данзанравжаагийн зохиосон судрыг төвд хэлнээс орчуулж, нутгийн айл өрхөд тараалаа. Энэ хайрханд бүсгүй хүн гардаггүй гэх мэт зан заншил, дэг жаягийг хүмүүст таниулахад дээрх зүйл тус дэм болох нь лавтай.

Оюу Толгойн уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа газар нутаг бол жинхэнэ тэмээний нутаг. Тэнд уурхай байгуулснаар тэмээний бэлчээр хомсодлоо гэлцдэг?
Оюу Толгой компани тэмээний талаар онцгойлон анхаарч байгаа. Бид тэмээний бэлчээрээс тодорхой хэсгийг уурхайн зориулалтаар ашиглаж байгаа учраас ингэхээс аргагүй. Ханбогд бол Монголын хамгийн олон тэмээтэй сум. Алдарт 'Галбын говийн улаан' тэмээ тэнд л бий. Өмнөговь аймаг тэмээний баяраа 17 дахь жилдээ тэмдэглэлээ. Улсын хэмжээний тэмээний ноосны хэрэгцээг тус сум дангаараа хангах боломжтой. Ингэхээр тэмээний ноос, ингэний сүү зэргийг боловсруулах, зах зээлд борлуулах талаар анхаарахаас арга байхгүй.