Хэвлэлийн мэдээ: Баяжмалын дээж музейн сан хөмрөгт бүртгэгдлээ

Монгол улс, Улаанбаатар хот – Үндэсний бахархлын өдрийг угтан Оюу Толгой ХХК-ийн үйлдвэрлэж буй зэсийн баяжмалын дээжийг Монголын Үндэсний музейн Геологи, ашигт малтмалын танхимд байрлуулах ёслол болов.

Оюу Толгой ХХК-ийн Нөөцийн стратеги ба шинэчлэлийн хэлтсийн дэд захирал Т.Мөнхбат ёслолын арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ зэсийн баяжмалын дээж музейн үзмэр болсоноор улс орны анхаарлын төвд байдаг эл уурхайд чухам ямар баяжмал үйлдвэрлэдгийг хүн ард, залуу үеийнхэн нүдээр үзэж танилцах боломж нээгдэж буйг онцлон тэмдэглэлээ.

Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал “Оюу Толгойн зэсийн баяжмалын дээжийг музейн сан хөмрөгт хадгалуулж байгаад баяртай байна. Уг дээжийг энэ оны долдугаар сарын 9-ний бэлгэт сайн өдөр Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх Ерөнхий сайд Н.Алтанхуягт гардуулсан юм. Тэрхүү дээжийг өнөөдөр албан ёсоор музейд байрлуулж байгаа нь энэ юм. Оюу Толгойн хамт олонд ажлын амжилт хүсье” гэв. Монголын үндэсний музейн захирал, түүхийн ухааны доктор Д.Сүхбаатар хэлэхдээ “Өнөөдөр манай музейн хамт олны хувьд дурсгалтай өдөр тохиож байна. Энэ баяжмал бол Монголын баялаг. Уул уурхай Монголчуудын хөгжлийн түлхүүр. Энэхүү баялаг болсон баяжмалын дээжээ олон түмний хүртээл болгох болно. Оюу Толгой компанийнхандаа ажлын амжилт, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ.

Өмнийн говиос олборлож буй зэсийн баяжмал манай улсын түүх, соёл, байгаль орчны дурсгалт зүйлсийн их сан Үндэсний музейн сан хөмрөгт ийнхүү бүртгэгдлээ.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2012 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан юм. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.