Хэвлэлийн мэдээ: Ус хэмнэх төслийн уралдааны дүн гарлаа

Монгол улс, Улаанбаатар хот – Оюу Толгой компани ус хэмнэх шилдэг санаа хэрэгжүүлэх хүсэлтэй оюутан залуус, хамт олон, фэйсбүүк хэрэглэгчдийн дунд 'Ус чандмань эрдэнэ' бичил төслийн уралдаан зарлаж, дүнгээ гаргалаа. НҮБ жил бүрийн 3 дугаар сарын 22-ныг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэдэг билээ. Оюу Толгой компани энэхүү өдрийг гурав дахь жилдээ тэмдэглэж, энэхүү уралдааныг 3 дугаар сарын 18-наас 4 дүгээр сарын 8-ны хооронд фэйсбүүк хуудсаараа явууллаа. Энэ хугацаанд олон залуус ус хэмнэх, түүнийгээ олон нийтэд сурталчлах төслийн саналаа ирүүлжээ.

Уралдааны шалгаруулалт 2 үе шаттай явагдаж, нэгдүгээр шатанд хамгийн олон 'Лайк' буюу 'таалагдаж байна' гэсэн санал цуглуулж чадсан эхний 10 төслийн саналыг тодруулсан юм. Харин хоёрдугаар шатанд Оюу Толгой ХХК-ийн Нийгмийн хөрөнгө оруулалтын хэлтэс, шалгаруулах баг нэгдүгээр шатанд шалгарсан 10 төслийн саналтай танилцаж, дүнгээ гаргасан юм. 'Ус чандмань эрдэнэ' бичил төслийн уралдаанд О.Ойгон-Эрдэнийн 'Ус хэмнэх шийдэл', Э.Батбилэгийн багийн 'Ахуйн нөхцөлд саарал ус ашиглаж усаа хэмнэе', Х.Батсүмбэрлийн багийн 'Ус хэмнэх шилдэг санаа' төслүүд шалгарлаа. Эдгээр хүмүүс төсөлд дурдсан ус хэмнэх санал санаачлагаа олон нийтэд түгээн дэлгэрүүлж, өөрсдийн болон Оюу Толгой компанийн фэйсбүүк хуудсаар дамжуулан тайлагнах юм.

ШУТИС-ийн оюутан О.Ойгон-Эрдэнэ:

Уралдаанд ус хэмнэх шийдлүүдээ явуулсан. Миний эхний гаргасан санаа бол ахуйн хэрэглээнд усыг багасгаж, илүү ашигтайгаар зарцуулах. Үүгээр угаалтуур болон шүршүүрт хэрэглэсэн саарал усыг суултуурт хэрэглэх юм.

 

 

ШУТИС-ийн оюутан Ж.Мөнх-Эрдэнэ:

Бидний эхний санаа бол суултуурт ашиглах усны эзлэхүүнийг багасгаж, усаа хэмнэх. Өөр нэг санаа бол угаалтуур болон шүршүүрийн хошууг ус хэмнэгч даралттай хошуугаар солих. Ингэснээр усны хэрэглээг 40-50 хувь хэмнэх боломжтой.

 

 

ШУТИС-ийн оюутан З.Булган:

Гол санаа бол ахуйн хэрэглээнд ашигласан саарал усыг дахин цэвэршүүлээд суултуурт ашиглах. Манай улс суултуурт цэвэр ус хэрэглэж байгаа. Өнөөдөр ус үнэтэй боллоо. Тиймээс энэ санаа илүү оновчтой байх юм.

 

 

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурсез компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд оршдог Оюу Толгой компани 2013 оны эхний хагаст бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.