Оюу Толгой ХХК-ийн Сургалтын хэлтсийн менежер Керн Вон Хагентай ярилцлаа.
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав саяхан танд 'Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан' гэдэг эрхэм хүндтэй шагнал гардуулсан билээ. Танд баяр хүргэе. Энэ шагналыг юуны учир хүртлээ гэж бодож байна вэ?
Монгол улсын Засгийн газрын нэр хүндтэй шагнал хүртсэндээ туйлын баяртай байна. Ийм шагнал авна гэж төсөөлөө ч үгүй шүү. Энэ бол Монгол улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яамтай идэвхтэй нягт хамтран ажилласны үр дүн юм. Энэ бол манай багийн хамт олны ажлын үр дүнг үнэлсэн хэрэг юм. Монголын боловсролын салбарт тухайлбал, монгол залуусыг сургах үйлсэд оруулсан манай багийнхны амжилтыг ийнхүү үнэлсэнд гүнээ талархаж байна.
Танай баг олуулаа юу. Монгол хүн олон байдаг уу?
Манай багийнхан дандаа монголчууд. Хийж бүтээх асар их эрч хүч, чин эрмэлзэлтэй арваад залуу бий.
Танай баг ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
Монгол улсын хэмжээнд мэргэжлийн сургалтыг зохион байгуулах, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах, тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг үүрэг гүйцэтгэж байна. Олон улсын жишигт нийцсэн сургалт явуулж байгаадаа бид сэтгэл хангалуун байдаг. Бидний гол зорилго бол юуны өмнө Оюу толгойн ажилчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, улмаар Монголд мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах явдал юм.
Оюу толгой компани өнгөрсөн хугацаанд хэчнээн мэргэжилтэй ажилчин бэлтгэв?
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 50 гаруй төвд мэргэжилтэй ажилчдаа бэлтгэж байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн гурван төвийг шинээр байгуулж, дөрвийг засварлаж тохижууллаа. Сүүлийн хоёр жилд 10-аад мянган мэргэжилтэй ажилтан бэлтгээд байна. Үүний зэрэгцээ 600 гаруй сургагч багшийг сургаж бэлтгэв.
Энэ мэт бүхий л хөрөнгө оруулалтыг Оюу толгой компани санхүүжүүлдэг. Энэ бүхнийг мөнгөөр илэрхийлбэл хэдий хэмжээний болох бол?
Оюу толгой компанийн Засгийн газартай байгуулсан гэрээнд заасны дагуу дээрх арга хэмжээнд зориулан таван жилд 126 сая ам.доллар зарцуулах юм. Үүнээс 87 саяыг нь зөвхөн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж авахад зарцуулна. Манайх мэргэжлийн боловсролоос гадна англи хэлний сургалт ч явуулдаг. Өмнөговь аймгийн Манлай, Баян-Овоо, Даланзадгад, Ханбогд суманд ийм сургалт явуулж саяхан төгсөлтийн баяраа тэмдэглэсэн. Англи хэл огт мэддэггүй хүмүүс хэл сурч байгаа нь бахархууштай биз дээ. Тал бүрийн боловсролтой хүн л улс орноо хөгжүүлнэ шүү дээ.
Монгол хүн аливааг сурахдаа хэр зэрэг овсгоо самбаатай байдаг вэ?
Монголчууд аливааг сурах, мэргэшихийг ихэд чармайдаг. Юмыг амархан сурдаг. Бүр олон улсын түвшинд хүрэхүйц мэдлэг чадвар эзэмшиж чадах давуу талтай. Монгол улсын хөгжлийн үндэс нь боловсролын салбараа шинэчлэн сайжруулах явдал юм. Энэ үйлсэд Оюу толгой компани зүйл бүрээр туслахыг хичээж байна. Засгийн газар ч нарийн мэргэшлийн хүмүүсээ сайтар сургах ёстой гэдгийг ойлгож, бидэнтэй үр ашигтай хамтран ажиллаж байгаа. Ингэж хамтарч байж л үр дүнд хүрнэ.
Оюу толгой компани Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сурч буй монгол хүмүүст ямар хөнгөлөлт үзүүлдэг вэ?
Зөвхөн нэг жишээ хэлье. Орхон аймгийн Технологийн сургуульд Оюу толгой компанийн зардлаар 128 монгол хүн суралцаж байгаа. Тэд тус сургуульд онолын мэдлэг эзэмшиж, уулын баяжуулах 'Эрдэнэт' үйлдвэрт дадлага хийдэг. Тэдний дөрвөн жил суралцах хугацааны цалин, сургалтын төлбөр, дотуур байрны зардал, жилд хоёр удаа нутагтаа ирж очих замын зардал зэргийг манай компани хариуцдаг юм. Сургагч багш нарт нь мөн цалин олгодог.
Мэргэжлийн сургууль төгссөн хүн болгон Оюу толгой компанид ажилд орно гэсэн баталгаа бий юү?
Ажилд авахгүй гэж байгаа бол Оюу толгой компани дээр дурдсан 128 хүнийг дөрвөн жил сургахгүй нь тодорхой шүү дээ. Гэхдээ бүх хүнийг заавал Оюу толгойд ажилд авах боломж үнэндээ байхгүй. Мэдээж, хүмүүсийг ажилд авахын тулд эхлээд ажлынх нь байрыг бий болгох ёстой. Дараа нь тэрхүү ажлын байрандаа шаардлагатай хүмүүсээ сургаж бэлтгэх учиртай. Суралцагчдынхаа дийлэнхийг ажилд авахыг хичээлгүй яах вэ. Гэхдээ суралцагчид маань төгсөхдөө зөвхөн Оюу толгой гэлтгүй бусад компанид ажиллах мэдлэг чадварыг эзэмших учраас ажлын байр олдохгүй байх гэж санаа зовох явдалгүй.
Танай компани сүүлийн хоёр жил 10 мянга гаруй хүнийг сургасан гэлээ. Тэднээс одоо хэд нь Оюу толгой компанид ажиллаж байгаа вэ?
Одоогийн байдлаар манай төгсөгчдөөс зөвхөн Өмнөговь аймагт гэхэд 300 гаруй хүн ажиллаж байгаа. Өөр газарт ч цөөнгүй хүн ажиллаж байгаа гэдэгт итгэж байна.
Та канад хүн. Канад, Монгол хоёр орон байгаль, цаг уурын хувьд нэлээд төстэй санагдахгүй байна уу?
Тэгэлгүй яах вэ. Манай хоёр орон байгаль, цаг уурын хувьд их төстэй шүү. Тавдугаар сарын сүүлч хүртэл цастай байдаг гээд. Хоёулаа газар нутаг томтой. Монголд ганцхан өдөрт л гэхэд жилийн дөрвөн улирлыг мэдэрч болохоор байна. Ийм төстэй байдлаас болоод Монголд байхдаа яг л нутагтаа байгаа юм шиг санагддаг юм.
Та Монголд ирээд удаж байна уу?
Жил хагасын өмнө ирсэн. Хоёр жилийн гэрээтэй. Энэ хооронд чамгүй зүйл амжууллаа. Ажил үйлс ч өөдрөг бүтэмжтэй байлаа. Цаашид ч хийх ажил их байгаа. Тийм учраас гэрээг маань сунгах байх гэж итгэж байна. Тэгэхээр танай оронд дахиад жил хагас болох байх.
Монголд чамгүй уджээ. Энэ хугацаанд Монгол оронтой бага ч болов танилцсан биз дээ?
Дархан-Уул, Орхон аймаг, Өмнөговь аймгийн зарим сумаар явлаа. Ер нь цөөнгүй газарт очиж үзлээ. Энэ зун Хөвсгөл далайд очиж үзэх төлөвлөгөөтэй байгаа. Бас говийн үзэсгэлэнт байгальтай танилцах санаатай. Ер нь Монгол үзэх юм ихтэй сонирхолтой орон. Монголчууд ийм сайхан нутагт төрснөөрөө бахархах эрхтэй ард түмэн.
Гэр бүлийнхнээ танилцуулна уу?
Эхнэр маань надтай цуг энд амьдарч байгаа. Манайх хүү, охин хоёртой. Тэд маань нутагтаа байгаа. Саяхан хоёулаа Монголд ирээд буцсан. Эцэг, эх нь л болсон хойно байнга л холбоо барьж санаа тавилгүй яах вэ. Манай аав 83 настай. Эхнэрийн маань ээж бас 83-тай. Тэд маань Канаддаа байгаа. Хажууд нь байж халамжилж чадахгүй байгаадаа санаа зовох л юм.
Та ямар мэргэжил боловсрол, ажлын туршлагатай хүн бэ. Монголоос өөр улсад ажиллаж байв уу?
Боловсролын салбарт 30-аад жил ажиллалаа. Олон жил багшилж, цөөнгүй жил удирдах ажил хийлээ. Ингэж ажиллах явцдаа эрдмийн хоёр ч зэрэг хамгаалсан, доктор цолтой. Амьдралынхаа нэлээд хэдэн жилийг Канадын хойд талын сэрүүн бүсэд өнгөрөөжээ. Монголд ирэхээсээ өмнө Өмнөд Африкт хэдэн жил ажиллаж байв.
Монголчуудтай хамтран ажиллахад ямархуу сэтгэгдэл төрж байна вэ?
Монголчуудтай хамтран ажиллах урамтай байлгүй яах вэ. Монголчууд их тусархуу, юм суръя гэсэн чин эрмэлзэлтэй хүмүүс юм. Тэд биднээс сурахын зэрэгцээ би ч гэсэн тэднээс чамгүй ихийг сурч байна. Ингэж харилцан итгэлцэж байж л ажил маань үр дүнд хүрнэ шүү дээ. Ер нь монголчууд гадаадынхантай хамтран ажиллах эв дүйтэй улс юм. Монголын сургуулиуд суралцагчдад онолын мэдлэг сайн өгдөг ч практик дадлага олгох талаар учир дутагдалтай байдаг юм шиг санагддаг.
Керн гэдэг хувь хүнийг хэдхэн үгээр тодорхойл гэвэл та юу гэж хэлэх вэ?
Эцэс төгсгөлгүй суралцагч л юм даа.
Б.Батбилэг
Leave a Reply
You must be logged in to post a comment.