Ярилцлага: Г.Мөнхбаяр “Мэдээллийн төв Оюу Толгой компанийг олон нийттэй холбох гүүр”

– Уул уурхайн мэдээллийн төв Монголдоо анхдагч нь –

Оюу Толгой ХХК-ийн Мэдээллийн төвийн ажилтан Г.Мөнхбаяртай ярилцлаа. Тэрээр төвийнхөө үйл ажиллагааг танилцуулж, сүүлийн үеийн мэдээллээсээ хуваалцсан юм.

Монголчууд Оюу Толгойн тухай олон сувгаар мэдээлэл авч байна. Мэдээллийн төвийг ямар зорилготой байгуулсан бэ? Одоо ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
Оюу Толгой уул уурхайн мэдээллийн төв одоогоор Монголдоо анхны, цорын ганц нь юм. Мэдээллийн төв байгуулах санаачилга үндсэн гурван хүчин зүйл дээр тулгуурласан. Нэгдүгээрт, Оюу Толгой компанийн ил тод, нээлттэй ажиллах зарчмын хүрээнд, хоёрдугаарт, хариуцлагатай уул уурхайн санаачилга, гуравдугаарт, компанийн нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд байгуулагдсан. Манай улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, тэргүүлэх ач холбогдолтой болж байна. Ийм үед энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг компани ч хариуцлагатай байж, аливаа мэдээллээ ил тод, нээлттэй хэлбэрээр түгээх нь хамгийн чухал. Оюу Толгой хэдийгээр уул уурхайн компани боловч боловсрол, сургалт, байгаль орчин, соёлын өв, дэд бүтэц зэрэг салбаруудад өргөн цар хүрээтэй хөрөнгө оруулалт хийж байна. Эдгээр хөрөнгө оруулалт ард түмэнд хэрхэн хүрч, ашиг тус, үр өгөөжөө өгч байгаа талаар энэ төвөөрөө дамжуулж мэдээлэл өгдөг. Мэдээллийн төв маань олон нийтэд уул уурхайн анхан шатны ерөнхий мэдлэг олгох, дэлхийд томоохонд тооцогдох зэс, алтны Оюу Толгой төслийн талаарх үнэн зөв, бодит баримтад тулгуурласан мэдээллийг эх сурвалжаас нь хүссэн хүн бүрт түгээх зорилготой юм.

Энэ зорилгоо хэрхэн биелүүлж байна вэ?
Манай мэдээллийн төв 7 хоногийн зургаан өдөрт олон нийтэд нээлттэй байдаг. Хэн ч энэ төвд ирсэн бид найрсагаар хүлээн авч, хүссэн асуудлаар нь мэдээлэл өгдөг. Тодорхой бүлэгт чиглэсэн цуврал уулзалт, албан ёсны танилцуулга болон нээлттэй өдөрлөг ч зохион байгуулдаг. Бас төрөл бүрийн уралдаан тэмцээн зохиодог юм.

Олон хүн ирж байна уу?
Тэгэлгүй яахав. Оюу Толгой бол олны анхаарлын төвд байдаг, манай орны эдийн засагт чухал ач холбогдолтой төсөл. Тиймээс хүний хөл огт тасрахгүй. Бид Улаанбаатар хот дахь мэдээллийн төвөө өнгөрсөн оны нэгдүгээр сард нээсэн. Түүнээс хойш 10 мянга орчим хүн энэ төвд зочилж үйлчлүүлсэн байна.

Орон нутагт ийм мэдээллийн төв байгаа юу?
Өмнөговь аймгийн төв Даланзадгадад өнгөрсөн оны 4-р сарын 20-нд ийм төв нээсэн. Оюу Толгой төсөл хэрэгжиж байгаа нутаг дэвсгэр учраас орон нутгийн иргэдэд үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй, шуурхай түгээхийн төлөө ажиллаж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 100 гаруй байгууллага, хамт олны 1,500 төлөөлөл, 360 хувь хүн, иргэдэд үйлчилсэн амжилтаар удахгүй болох нэг жилийн ойгоо угтаж байгаа.

Уул уурхайн мэдээллийн төвийн анхдагч нь гэлээ. Өмнө нь ирж байгаагүй хүмүүс энд ирснээр юу мэдэж болох вэ?
Та орон нутагт баригдсан хамгийн отгон нисэх буудлын талаар мэдэх үү?

Мэдэхгүй юм байна?
Бид Ханбумбат нисэх буудлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг нэг сарын хугацаатай түгээж байна. Өнгөрсөн оны орон нутгийн хамгийн шилдэг бүтээн байгуулалтаар шалгарсан уг буудлыг Улаанбаатар хотын хүн бүр үзэх боломжгүй. Тиймээс нисэх буудлын макет загварыг мэдээллийн төвдөө тавьсан байгаа. Гэрэл зургийн үзэсгэлэн, буудлын талаарх мэдээлэл, түүнийг барьсан үндэсний компанийн төлөөлөгчдийн ярилцлага зэрэг бүрэн мэдээллээр ирэх сарын турш зочдоо угтана. Оюу Толгой бол маш том төсөл, ярих зүйл ихтэй. Тиймээс бид сар бүр тодорхой нэг сэдвээр үзэсгэлэн гаргах зэрэг мэдээллээ бүтээлчээр түгээхийг зорьж байна. Зөвхөн Оюу Толгойтой хамаатай биш, уул уурхайн ерөнхий мэдээлэл, алт зэсийг хэрхэн гаргаж авдаг, юунд ашигладаг зэрэг хүмүүст ерөнхий мэдлэг болох үзүүлэн таниулах материалууд ч манайд их бий. Ирсэн хүмүүс ч дахиад ирэхэд шинэ мэдлэг мэдээлэлтэй болоод буцна.

Танай компанийн фэйсбүүк хуудсанд оюутнуудтай хийсэн уулзалтын зургийн цомог байсан. Та нар сонирхсон байгууллага, хүмүүстэй хамтран ажилладаг уу?
Тийм ээ, бид олон байгууллагатай хамтран ажилладаг. Монголын оюутны холбоотой хамтран уулзалт зохион байгуулж байна. Жишээ нь, уул уурхайн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд сонирхвол компанийнхаа Баяжуулах хэлтсийн мэргэжилтнүүдийг урьж, мэдээлэл өгөх, уулзалт ярилцлага хийдэг. Анагаах ухааны чиглэлээр сурч байгаа оюутнуудтай хөдөлмөрийн аюулгүй байдал, мэргэжлээс хамаарах өвчнөөс хэрхэн сэргийлэх, хуулийн ангийнхантай Оюу Толгойн гэрээний зүйл заалтын талаар нээлттэй яриа өрнүүлдэг. Үүний зэрэгцээ уул уурхай, байгаль орчин, эдийн засгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Оюутан залуусыг манай мэдээллийн төвд ирж, мэдээлэл авах, зарласан байгаа 'Оюу Толгойг хэн сайн мэдэх вэ' сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд оролцоорой гэж уримаар байна. 4 дүгээр сард Даланзадгад хот дахь мэдээллийн төвийн нэг жилийн ойг тохиолдуулж төгсөх анги болон МСҮТ-ийн суралцагчдын дунд 'Оюу Толгой ба орон нутгийн хөгжил' сэдэвт илтгэлийн уралдаан зарласан. Эдгээр уралдааны ялагчид Оюу Толгой төслийн талбайд зочилж, энэ зууны хамгийн том бүтээн байгуулалттай танилцах юм.

Уралдаан, ер нь мэдээллийн төвийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас, яаж авч болох вэ?
Улаанбаатар хот дахь мэдээллийн төв МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн баруун талд байрладаг. Даваагаас бямба гарагт 9.00-18.00 цагийн хооронд ажилладаг. Мөн 353366 тоот утас, OTInfoCenter@ot.mn хаягаар холбогдож болно. Даланзадгад сум дахь мэдээллийн төв Оюу Толгой компанийн оффисын 2-р давхарт байрладаг. 7053-3941 тоот утастай. Электрон шуудангийн хаяг нь дээрхтэй адилхан.