Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой хангамжийн үйл ажиллагааны энэ оны зорилтоо зарлалаа

– 2013 онд нийт худалдан авалтын 50 хувийг Монголын компаниудад зарцуулах зорилт тавилаа –

Монгол улс, Улаанбаатар хот – Оюу Толгой компани үндэсний ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллах, тэднийг хөгжүүлэх замаар найдвартай, эдийн засгийн үр ашигтай, урт хугацаанд ажиллах дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгох зорилготой ажиллаж байна. Үндэсний ханган нийлүүлэлтийг дэмжсэн олон ажил хийж байгаагаас энэ оны үндэсний ханган нийлүүлэгчдэд зарцуулах төлөвлөгөө болон явцын тайлангаа нээлттэй зарлалаа. Оюу Толгой компани 2013 онд үйл ажиллагааны худалдан авалтынхаа 50 хувийг Монголын үндэсний ханган нийлүүлэгчдээс хийх зорилт тавин ажиллаж байна.

Тус компанийн Үндэсний ханган нийлүүлэлтийн менежер Б.Сэржмаа “Үндэсний ханган нийлүүлэгч гэдэг нь Монгол улсад бүртгэлтэй, тухайн компанийн 50-иас дээш хувийг Монгол иргэн эзэмшдэг компанийг хэлдэг. Бид ханган нийлүүлэгчдийг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр олон ажил хийж байгаа юм. Энэ жил үндэсний хэмжээд Монголын компаниудтай нийт зарцуулалтынхаа 50 хувийг төлөвлөөд байгаа бол Өмнөговийн ханган нийлүүлэгчдээс 36.4 тэрбум төгрөгийн худалдан авалт хийх зорилт тавьсан байгаа” хэмээн ярилаа.

Дашрамд өгүүлэхэд, Оюу Толгой компани 2010 – 2012 онд үндэсний ханган нийлүүлэгчдээс 1.1 тэрбум ам. доллар буюу 1.4 их наяд төгрөгийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авсан байна. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд 1,131 үндэсний компани, байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлжээ. Эдгээр газрууд нь нийт ханган нийлүүлэгчдийн 67 хувийг эзэлж байсан юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурсез компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд оршдог Оюу Толгой компани 2013 оны эхний хагаст бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.