Хэвлэлийн мэдээ: Аюулгүй ажиллагааны шинэ дуу олны хүртээл боллоо

– Та ч бас дуугаа сурч, амьдралдаа мөрдөөрэй –

Монгол улс, Улаанбаатар хот – Уул уурхайн компанийн хувьд аюулгүй ажиллагаа чухал юм. Оюу Толгой ХХК аюулгүй ажиллагааны дүрмүүдээ урлагаар дамжуулж хүмүүст хүргэхийн тулд поп дуу бүтээж, олны хүртээл болголоо. Энэхүү дуунд уул уурхайн компаниудад баримталдаг амь насаа хамгаалах дүрэм, УХААН үнэлгээний тухай өгүүлэх бөгөөд гарсан цагаасаа хит болж, зөвхөн Оюу Толгойн хэмжээнд биш Рио Тинто компанийн хүрээнд үнэлэгдсэн сайн дуу болсон юм. Бидний хувьд ч дуугаа хүмүүсийн сэтгэлд хүргэж чадсанаараа бахархаж байна.

Өвөрмөц, сонирхолтой клип бүхий аюулгүй ажиллагааны тухай дууг Дуучин Quiza, 'Нэгэн зүгт' хамтлаг дуулжээ. Дууны талаар Оюу Толгой ХХК-ийн ЭМААБО-ны удирдлагын тогтолцооны ахлах мэргэжилтэн Б.Долгор 'Аюулгүй ажиллагааны арга барил, дүрмүүдийг дуу болон дүрст бичлэгээр дамжуулж нийтэд хүргэхэд ажилтнууд их сайн хүлээж авлаа. Дуу хөгжим хүний сэтгэлд илүү хүрдэг юм байна' хэмээн хэллээ. Харин дуучин Quiza “Уул уурхайн компани санаачилга гаргаад аюулгүй ажиллагааны талаар дуу хийж байгаа нь надад их таатай санагдсан. Миний хувьд ч энэ бүтээл дээр ажиллахад их урамтай байлаа” гэж ярьсан юм.

Аюулгүй ажиллагаа бол зөвхөн уул уурхай, дэд бүтэц, барилга байгууламжийн үед мөрдөх дүрэм биш хүн бүр өөрийнхөө амьдрал, алхам тутамдаа мөрдөх ёстой 'хууль' юм. Тиймээс хүн бүрт нэгэн адил хамаатай юм. Та бүхэн энэ дууны клипийг www.caak.mn, www.news.mn болон Оюу Толгойн Фэйсбүүк, YouTube хуудаснаас үзээрэй.

У – Урьдаар ажлаа нарийн тооц,
Х – Хор хөнөөл, аюул бүрийг тодорхойл,
А – Аюул дагуулсан эрсдэлийг таньж мэд,
А – Аюул хөнөөлийг хянах,
Н – Нэн тэргүүнд аюулгүй байдлаа ханга.


Аюулгүй ажиллагааны дуу

УХААН – санаа төгс төгөлдөр
Урагшаа – тэмүүлэнэ бид илүү өндөрт
Хамтдаа – хийж бүтээх бидний ганц дүрэм
Аюулгүй амьдрал, аз жаргалын минь бурам

УХААН – санаа саруулхан бас
Яг цагтаа – ажиллахдаа сайн шалгасан
Гэрэлт – ирээдүй намайг дуудах тусам
Анхаарал хором бүр

Дахилт:

Хамтдаа – бүгдээрээ өмнийг зорисон
Хамтдаа – олноороо бүгдийг хийж бүтээсэн
УХААН зарж анхаарч эхлэнэ бүгд сонсоо
Урдах ажлаа аюулосолгүй дуусгана

Хамтдаа – бүгдээрээ өмнийг зорисон
Хамтдаа – олноороо бүгдийг хийж бүтээсэн
УХААН зарж анхаарч эхлэнэ бүгд сонсоо
Удаан амьд явж алтан аяганаас ус ууна

Урьдаар – ажлаа нарийн сайн тооц
Хор хөнөөл – аюул бүрийг олж тодорхойл
Аюул – дагуулсан эрсдлийг таньж мэд, хяна
Хамгийн түрүүнд аюулгүй байх нь чухал

Хэрвээ – ажилтай бол уухаа зогсоо
Аюулгүй – ажиллах зургаан дүрмээ тогтоо
УХААН – тохирлыг үргэлж шалгадаг бай
Энэ бол бидний амьдрал

Дахилт:

Нэг – Өргөгдсөн болон тогтворгүй зүйлээс зайдуу байх
Хоёр – Өндөр дээр ажиллахдаа хамгаалалтын бүсийг хийсэн байх
Эрчим хүчийн цоожийг байрлуулсан, шалгасан, зөвшөөрсөн тохиолдолд эхэлдэг байх
Эрүүл бас саруул, эм мансууруулагч, согтууруулах ундааны нөлөөлөөгүй ирдэг байх
Тав – Хориотой бүсэд зөвшөөрлийн дагуу орж нэвтэрдэг байх
Зургаа – Тоног төхөөрөмжийн зөвшөөрөл хүчинтэй, ажиллах эрхтэй байх
УХААН дахиад шалгахад гэмгүй Ажлаа хийхдээ өөр зүйл бодолгүй
Үргэлж эрүүл бас сэргэлэн Үнэт зүйл бол аав ээж гэр бүл чинь

Дахилт:

 

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурсез компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд оршдог Оюу Толгой компани 2013 оны эхний хагаст бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.

Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.