Амжилтын түүх: Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж байна

– Компанийн нийт ажилчдын 64 хувь нь Өмнөговийнх –

Уул уурхайн үйлдвэрлэл бусдаас онцлогтой. Учир нь минут, секундын туршид ч тасралтгүй явагдана. Үүнийг дагаад тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хоол хүнсийг бэлтгэх, байрлах орон байр, хувцасыг угааж, цэвэрлэх, тав тухтай орчин бүрдүүлэх гээд томоохон үйлчилгээ ч тасралтгүй явагдаж байдаг. Ийм үйлчилгээ эрхэлдэг Си Ай Эс компани 1992 онд байгуулагдсан цагаасаа хойш газрын тос, уул уурхай, барилга байгууламж, инженерийн салбартаа дэлхийд тэргүүлэгч байгууллагуудад катерингийн цогц үйлчилгээ үзүүлж ирсэн бөгөөд энэ чиглэлээр мэргэшсэн, туршлагатай газар юм. Өнөөдөр эднийх дэлхийн 40-өөд оронд 150 орчим төсөл дээр үйл ажиллагаагаа явуулж байна. Си Ай Эс Монголиа компани манай улсад 2003 оноос, харин Оюу Толгой төсөл дээр 2005 оноос өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэ хугацаанд үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдэж, өдөрт бэлтгэдэг байсан хоолны тоо гэхэд л 1,500-гаас 24,000 болж нэмэгджээ.

Хоол хүнс бэлтгэх үйл ажиллагаа аюулгүй байдлыг дээд зэргээр шаарддаг. Тиймээс ISO 9001, 14001 стандартууд хэрэгжүүлж, олон улсын чанрын удирдлагын системийг нэвтрүүлж байна. Үүний зэрэгцээ хүнсний аюулгүй байдал, чанарын баталгаа, эгзэгтэй цэгийн аюулыг хянаж, шинжлэх системийн сургалтад ажилчдаа бүрэн хамруулж байгаа юм.

Уурхайн талбай дахь ажилчдад зөв хооллолтыг нэвтрүүлж, эрүүл амьдралын хэв маягийн сонголтуудыг дэмждэг ажлын орчин, соёлыг бий болгож, хадгалах зорилгоор 'Эрүүл зуршил' хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр эрүүл амьдрах боломж олгох, мэдлэгт тулгуурласан тэнцвэртэй сонголтууд хийхэд ажилчдад тусалж, тэднийг урамшуулах юм.

Тус компани худалдан авалтаа ил тод, нээлттэй явуулдаг бөгөөд орон нутгийн ханган нийлүүлэлтийг дэмжих, бизнесийн орчин, бүтээгдэхүүний чанар стандартыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна. Өнөөдөр орон нутгаас мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, хүнсний ногоо, оёдол, ариутгал, тээвэр зэрэг бүтээгдэхүүн, үйлчилгээ авч байна. Цаашид ажиллах хүчээ Өмнөговь аймгаас бүрдүүлэх, автобус, засвар үйлчилгээ, тээвэр, хамгаалалт, ариутгалын үйлчилгээгээ орон нутгаас авах, Ханбогд дахь төлөөлөгчийн газраараа дамжуулан орон нутагтай хамтран ажиллах, мэдээлэл солилцох, нийгэм, халамжийн салбарт дэмжлэг үзүүлэх, бүсийн тогтвортой хөгжилд оролцох, дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаагаа өргөжүүлэн, урт хугацаанд хамтран ажиллах зорилготой ажиллаж байна.

Өнөөдөр компанийн нийт ажилчдын 96 хувь нь Монголчууд, үүний 64 хувь нь Өмнөговь аймгийнх буюу 1,418 ажилтны 991 нь орон нутгийн иргэд байгаа юм. Ингэж орон нутагт ажлын байр олноор гаргаснаар эдийн засаг, нийгмийн хөгжилд ч үнэтэй хувь нэмэр оруулах болжээ. Энэ амжилтаараа Оюу Толгой ХХК-ийн 2012 оны ажлын байр бий болгогч шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсан юм.

Компанийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгах, мэдээллээр хангах, хамтран ажиллах зорилгоор 2012 онд Ханбогд суманд төлөөлөгчийн газрыг байгуулсан бөгөөд энэ онд Даланзадгад хотод нээхээр төлөвлөөд байна. Си Ай Эс Монголиа компани орон нутагт ажлын байр гаргахаас гадна нийгмийн хариуцлагаа биелүүлж, 2011 оноос 'Баяр бахдалаа хуваалцъя' ТББ-тай хамтран ажиллаж, үйл ажиллагааг нь ивээн тэтгэхээс төрөл бүрийн буцалтгүй тусламж олгожээ. Үүний зэрэгцээ Ханбогд сумын Засаг даргын тамгын газар, сумын эмнэлэгтэй хамтран Хүүхэд асрах газар байгуулахаар ажиллаж байна.