– Ажилтны тоогоо нэмж, үйлдвэрлэлийн байраа өргөжүүлжээ –
'Сэтгэшгүй хойч' ХХК анх 2007 оноос Өмнөговь аймгийн Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд хэвлэлийн бүх төрлийн үйлчилгээ, худалдаа, үйлдвэрлэл эрхэлдэг. Анх жижиг хэвлэл, фото зураг, компьютерийн засвар үйлчилгээ сэлбэг дагалдах хэрэгсэлийн худалдаа эрхэлдэг байв. Оюу Толгой ХХК-тай 2010 оноос эхлэн хамтран ажиллаж, өнөөдөр бэлэг дурсгалын зүйлс, аюулгүй ажиллагааны тэмдэг тэмдэглэгээ нийлүүлж байгаа юм.
Эднийх анх 2 хүний бүрэлдэхүүнтэй хувь хүний нэрээр ажил үйлчилгээ явуулж байсан бол 2012 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж 'Сэтгэшгүй хойч' компаниа албан ёсоор бүртгүүлэн, 180 ам метр талбайтай үйлдвэрийн байр шинээр барьж, байнгын 16, гэрээт 10 ажилтантай болжээ. Мөн аймгийнхаа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран ажилтнуудаа сурган хөгжүүлсэн байна. Эднийх Оюу Толгой компанийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг, бүтээгдэхүүний чанар, стандарт, хүргэлт, тээвэрлэлтийн найдвартай байдлыг чухалчлан ажилладаг.
Уул уурхайн томоохон төсөлтэй хамтран ажилласнаар бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, тоо, стандарт сайжирсан төдийгүй тоног төхөөрөмжүүдээ шинэчлэн, ажилчдынхаа орон тоог ч нэмэгдүүлжээ. Орон нутгийн жижиг, дунд үйлдвэрүүд ийнхүү дотоод, гадаадын уул уурхайн төслийн ханган нийлүүлэгч болсоноор урт хугацааны тогтвортой хөгжил бий болж, үйл ажиллагаа нь олон талаар өргөжиж байгаагийн нэг жишээ нь 'Сэтгэшгүй хойч' компани юм.
Аливаа ажлын амжилт нь ажиллах хүчин, цалин хангамжийн таатай систем, ажлын байрны таатай орчин байдаг. Тиймээс тус компани энэ онд ажилчдынхаа цалин хангамжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байна.
'Сэтгэшгүй хойч' ХХК-ийн захирал Ж.Бялхамбилэг “Манай компанийн хамт олон одоогийн эрч хүчээ алдалгүй улам амжилтаа ахиулж, цаг үргэлж харилцагч үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар онцгой анхааран ажиллах зорилготой” хэмээн ярьж байна.
Leave a Reply
You must be logged in to post a comment.