– Тус компани 2010 оноос Оюу Толгойд бүтээгдэхүүн нийлүүлж байна –
Оюу Толгой төсөлд Монголын олон зуун компани бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлдэг. Эдгээр компаниуд цар хүрээний хувьд том, жижиг, дунд төдийгүй үйлдвэрлэл, үйлчилгээ, боруулалт гээд үйл ажиллагааны чиглэл нь ч өөр өөр. Тэдний нэг болох Орем Трейд компани адил үйлчилгээ үзүүлдэг газруудаас амжилтаараа ялгардаг. Оюу Толгой ХХК-ийн 11 дүгээр сарын шилдэг ханган нийлүүлэгч, 2012 оны шилдэг 9 ханган нийлүүлэгчийн нэг болсон нь үүний баталгаа юм.
Тус компани байгуулагдсан цагаасаа хойш Оюу Толгой төсөлд бэхэлгээний олон төрлийн материал нийлүүлж байна. “Уул уурхайн компани эн тэргүүнд аюулгүй байдлыг тавьдаг. Аюулгүй байдал маш бага зүйлээс эхэлдэг. Тухайлбал техник, тоног төхөөрөмжийн хамгийн жижиг эд анги ч үүнд хамаардаг. Хятадын боолт төмрийн хатуулгийн хувьд төдийлөн сайн биш. Тиймээс манай компани Канад, Америкийн компаниудаас бэхэлгээний материалууд, эрэг боолт зэрэг бүтээгдэхүүн нийлүүлдэг. Оюу Толгойгоос бараа бүтээгдэхүүнд тавигдах шаардлага бол чанар” хэмээн Орем Трейд ХХК-ийн Маркетингийн менежер Б.Энхбаяр ярилаа. Үнэхээр чанар, аюулгүй байдал маш бага зүйлээс хамаардаг учраас захиалагч компани ч бүтээгдэхүүн бүрийн чанарыг дээд зэргээр анхаардаг.
Орем Трейд 2010 онд гадаад худалдаа, үйлчилгээний Орем компанийн уурхайн ханган нийлүүлэлт хийдэг салбар болон байгуулагджээ. Тус компани нь анх байгуулагдахдаа 4 хүнтэй байсан бол түүнээс хойш өргөжиж 15 хүнтэй болжээ. Компанийн гол зорилго бол бүтээгдэхүүнээ цаг тухайд нь хурдан, шуурхай нийлүүлэх.
Б.Энхбаяр “Бид эрүүл ахуй аюулгүй ажиллагааны журам, ачиж буулгах, тээвэрлэх ажлын үед өгөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа, агуулахын аюулгүй ажиллагааны зааварчилгаа гэсэн хэд хэдэн журам заавруудыг компанийн хэмжээнд мөрдөн ажилладаг. Төрөл бүрийн химийн бодис нийлүүлэх албан ёсны зөвшөөрөлтэй. Одоогоор улсын байгууллагад нийлүүлж байна. Цаашид химийн агуулах барих зорилготой. Одоогоор барих газраа төлөвлөж байгаа” хэмээн ярилаа. Орем Трейд ХХК Канад, Америкийн компанийн зарим бүтээгдэхүүнийг Монголд борлуулах албан ёсны эрхээ авчээ.
Тус компани шинээр орсон ажилтан бүрийг зохих мэргэжил албан тушаалд дагалдуулан сургадаг. Мөн ажилчдынхаа ур чадварыг дээшлүүлэх үүднээс сард нэг удаа туршлагатай менежерүүд семинар бэлтгэн туршлагаа солилцдог байна. Цаашдаа олон улсын хэмжээнд туршлагажсан томоохон мэргэжилтнүүдтэй холбоо тогтоон интернэтээр хичээл заалгахаар төлөвлөж байгаа бөгөөд 'PASS procurement consulting' компанийн гишүүн болж хамт олноороо өдөр тутмын мэдээлэлтэй танилцах болжээ.
Leave a Reply
You must be logged in to post a comment.