Амжилтын түүх: Хий үйлдвэрлэгчдийн анхдагч

– Глобал ацетилен бүтээгдэхүүнийхээ 50 хувийг Оюу Толгойд нийлүүлдэг –

Глобал ацетилен гагнуур, лабораторийн хийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний компани юм. Эднийх өнөөдөр ацетилан, нүүрсхүчил, азотын хий зэрэг 11 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Анх бүтээгдэхүүнээ бага хэмжээгээр үйлдвэрлэн Монголын зах зээлд нийлүүлж байв. Тухайн үед Монголын зах зээл дээр эрэлт харьцангуй бага байсан ч барилга, уул уурхай хөгжиж байгаа үед хийн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэнэ хэмээн тооцоолж байсан аж. 2010 оны 3 сард Оюу Толгой ХХК тендер зарлаж, Глобал ацетилен компани шалгаран 8 дугаар сараас бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлжээ. Гэхдээ зөвхөн үйлдвэрлэх биш нийлүүлэлт, тээвэрлэлтээ цогцоор нь гүйцэтгэсэн байна. Өнөөдөр тус компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 50 хувийг дангаар нь Оюу Толгой ХХК-д нийлүүлж байгаа аж. Глобал Ацетилен компани бүх бүтээгдэхүүнээ шингэн хэлбэрээр гадаадаас авчран, хийн төрөлд шилжүүлж савладаг. Анх үйлдвэрлэлээ 3 хүнтэй эхэлж байсан бол одоо 40-өөд хүнтэй болж өргөжсөн байна. Энэ чиглэлийн мэргэжилтэй хүмүүс манай улсад ховор учраас өөрсдөө сургаж бэлтгэдэг.

“Манай компани бүх төрлийн хий үйлдвэрлэгч гэдгээрээ Монголдоо анхдагч. Ихэнх компани нэг төрлийн хий дагнаж үйлдвэрлэдэг. Манайх нийлүүлэлт хийхээс гадна 5 төрлийн хий үйлдвэрлэж байна. Бид цаашид Өмнөговь аймгийн Ханбогд суманд салбараа байгуулахаар төлөвлөөд байгаа” хэмээн захирал Ц.Баттөр ярилаа. Тэрээр “Оюу Толгой ХХК-д бүтээгдэхүүнээ нийлүүлснээр зах зээл дэх манай компанийн нэр хүнд өссөн. Энэ хэмжээгээр захиалга ч нэмэгдэж байгаа. Хийн үйлдвэрлэл нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангах шаардлагатай. Тиймээс даралтат хийн савтай аюулгүй ажиллах ур чадвар олгох 'Мэдлэг' нэртэй сургалтын төвийг тусгай зөвшөөрлийн дагуу байгуулж, өөрийн ажилтнуудаа төдийгүй харилцагч компанийн ажилтнуудыг сургаж байна” гэлээ. Тус компани өнгөрсөн хугацаанд харилцагч байгууллагуудынхаа 100 орчим ажилтныг сургажээ. Үүний зэрэгцээ нийгмийн хариуцлагаа биелүүлж, Монголын Үндэсний Хараагүйчүүдийн Холбооны үйл ажиллагааг дэмжин ажиллаж жил бүр Хүүхдийн баяр, Шинэ жилээр тогтмол 50-150 хүүхдэд бэлэг тарааж, бусад санхүүгийн болон биет тусламж үзүүлдэг. Глобал Ацетилен компанийн ирээдүйн зорилго нь бүтээгдэхүүнд орох түүхий эдээ дотооддоо үйлдвэрлэх. Гэхдээ энэ ажил нь одоогоор судалгааны түвшинд явж байгаа аж.