Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой компани малчин түмэндээ туслалаа

– Малчдад 340 тонн малын тэжээл хүргэв –

Монгол улс, Улаанбаатар хот – Оюу Толгой ХХК уламжлалт бэлчээрийн мал аж ахуй болон нүүдлийн ахуйн хэв шинжийг уул уурхайн үйлдвэрлэлийн нөлөөллөөс үл хамааран оршин тогтнох нөхцлийг бүрдүүлэх, орон нутгийн малчид, иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор 2011 оноос 'Бэлчээрийн менежмент' хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ хөтөлбөр төр, засгийн бодлогыг хэрэгжүүлэх, сумдын Засаг даргын тамгын газар, мэргэжлийн байгууллагуудтай хамтран малчдын бүлэг, хоршооны үйл ажиллагааг дэмжих, малын эрүүл мэнд, мал маллагааны менежментийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

Малчдын хувьд хавар хамгийн хүнд улирал нь юм. Хаврын улиралд турсан мал туйлдаж эцдэг бөгөөд хээлтэй мал, төлийг ядарч доройтохоос сэргийлж угтуулан тэжээх нь хамгийн оновчтой байдаг. Иймд Оюу Толгой ХХК-иас хэрэгжүүлж байгаа 'Бэлчээрийн менежмент' хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханбогд, Манлай, Баян-Овоо суманд 340 тонн хорголжин, хивэг, арвай будаа болон эрдэсийн долооц зэрэг олон төрлийн хүчит тэжээл хүргэлээ. Тэжээлийг малчдад хуваарилах ажлыг сумдын Засаг даргын тамгын газар хариуцан зохион байгуулж байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн малчин А.Улам-Ундрах “Оюу Толгой компани малчидтай бүх талаар хамтран ажиллаж ирлээ. Үүний нэг бол өнөөдрийн энэ ажиллагаа юм. Малчид маш их талархаж байна. Энэ тэжээл бол малчдад хаврын улиралд 'шар тос' боллоо гэж би бодож байна” хэмээн ярилаа. Тэжээл тараах үеэр Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн доктор, профессорууд малчдад өвлийн улиралд малыг хэрхэн тэжээж, арчилах, хүчит тэжээлийг өөрсдийн боломжийг ашиглан хийх талаар сургалт зохион байгуулж байна.

Монголын баялаг болсон мал сүргээ өсгөх, онд мэнд оруулахад хүн бүр хувь нэмрээ оруулах ёстой. Монголчууд 'Сайн санааны үзүүрт тос' гэж ярьдаг. Малчдын орлогын гол эх үүсвэр, эдийн засгийн үндэс болох мал сүргээ хорогдолгүй байлгахад Оюу Толгой ХХК ийнхүү тусалж байгаа юм.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.