Монгол улс, Улаанбаатар хот – Сүүлийн жилүүдэд Өмнөговь аймагт уул уурхай эрчимтэй хөгжиж, хүн амын тоо өсч, авто замын хөдөлгөөн өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тиймээс Өмнөговь аймгийн Ханбогд, Даланзадгад, Манлай, Баян-Овоо сумдын хүүхэд, өсвөр үеийнхний дунд сурталчилгааны зурагт хуудас, нугалбарын эх боловсруулах уралдаан зарлаж, дүгнэлээ.
Энэхүү уралдааныг орон нутгийн замын хөдөлгөөнд зөв соёлтой оролцох мэдлэг чадвар эзэмшүүлэх зорилгоор ЭКПАТ Монгол үндэсний сүлжээ, Оюу Толгой ХХК-ийн Орон нутгийн харилцаа, нийгмийн асуудал хариуцсан хэлтэс хамтран “Зөв дадал хэвшлийн төлөө хамтдаа” уриан доор зохион явуулсан юм.
Уралдаанд оролцогчдоос Ханбогд сумын сургуулийн сурагч О.Сонинболд, Н.Энхтуяа, О.Лхагвасүрэн нар зурагт хуудасны төрөлд, Ханбогд сумын сургуулийн сурагч Б.Оюунтуяа, Б.Алтанчимэг, Манлай сумын сургуулийн сурагч Б.Мөнхтуул нар нугалбарын төрөлд эхний байр эзэллээ. Уралдааны зурагт хуудасны төрөлд 2-р байр эзэлсэн Ханбогд сумын сургуулийн сурагч О.Лхагвасүрэн “Оюу Толгой ХХК-ийн ах эгч нартаа Ханбогд нутгийн замын хөдөлгөөний идэвхтэй оролцоог нэмэгдүүлэхэд ач тусаа үзүүлж ийм гоё замтай болгосонд баярлалаа. Миний зурсан зураг гэр хороололд 10 милээс дээш хурдтай явж болохгүйг харуулсан” хэмээн ярилаа.
Оюу Толгой ХХК-ийн Орон нутгийн харилцаа, нийгмийн асуудал хариуцсан хэлтэсийн ажилтан Н.Ариунаа “Энэ уралдааныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газраас зарласан 'Хүүхдээ сонсьё' аяныг дэмжин зохион байгууллаа. Хүүхдүүд уралдаанд их идэвхтэй оролцож, нийт 116 зурагт хуудас, 18 нугалбар ирүүлсэн. Хүүхдүүдийн дунд уралдааныг зохион байгуулахад идэвх санаачлагатай оролцсон сумдын 'Эрх, үүрэг, оролцоо' төслийн нийт сургагч нар, ялангуяа Өмнөговь аймгийн ЗДТГ-н ажилтан Т.Мөнгөнтуул, Ханбогд сумын ЕБС-ийн нийгмийн ажилтан Л.Гантулга, зураг хөдөлмөрийн багш О.Азжаргал, Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгч А.Хүдэр-Эрдэнэ нарт онцгойлон талархал дэвшүүлье” гэлээ.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.