– 2012-2013 оны хичээлийн жилд Оюу Толгойн тэтгэлгээр дотоод, гадаадын их, дээд сургуулиудад 42 оюутан суралцана –
Монгол улс, Улаанбаатар хот – Оюу Толгой ХХК Монголын боловсролыг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр 168 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. Үүний нэг бол оюутны тэтгэлэгт хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрөөр оюутан, залуусыг дэмжин дотоодын болон олон улсын их, дээд сургуулиудад уул уурхай болон холбогдох салбаруудад суралцуулж, бакалавр, магистрын зэрэгтэй төгсгөх зорилготой юм.
Оюу Толгой компанийн 2012-2013 оны Үндэсний тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг оюутнуудад батламж олгох ёслол өчигдөр боллоо. Дотоодын их, дээд сургуульд суралцах тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтыг нэг сарын хугацаатай зарлаж, нийт 270 гаруй оюутан өргөдлөө өгснөөс уул уурхай болон холбогдох чиглэлээр суралцаж байгаа 35 оюутан шалгарсан юм. Харин гадаадын их, дээд сургуулийн тэтгэлэгт 7 оюутан шалгарч суралцах болсон.
Батламж олгох ёслолын үеэр Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ч.Ганболд “Монгол улсын хөгжилд сайн мэргэжилтэн, үүн дотор уул уурхайн салбарт шинэ, чадварлаг боловсон хүчин хэрэгтэй. Тиймээс Оюу Толгой компани тэтгэлэгт хөтөлбөрийг 3 дахь жилдээ явуулж байгаа. Энэ жилийн хувьд Оюу Толгой компани дотоодын болон гадаадын их, дээд сургуулийн тэтгэлэгт 650 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна” хэмээн хэллээ.
Оюу Толгой ХХК тэтгэлэг авсан оюутнуудын нэг жилийн сургалтын төлбөрийг төлөхөөс гадна сар бүрийн тэтгэлэг олгож, хөдөө орон нутгаас ирсэн бол дотуур байрны төлбөрийг төлнө. Мөн эдгээр оюутнууд Оюу Толгойд цалинтай дадлага хийх, сургуулиа амжилттай төгсвөл компаниас хэрэгжүүлдэг Шинэ төгсөгчдийн хөгжлийн хөтөлбөрт хамрагдах боломжтой. Харин олон улсын Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудад сургалтын бүрэн төлбөр, сар бүр амьжиргааны зардал, олон улсын оюутны эрүүл мэндийн даатгал, визийн төлбөр, замын зардал өгөх юм.
ШУТИС-ийн оюутан Л.Очирбат “Би анх удаа тэтгэлэг авлаа. Сэтгэл хангалуун байна. Миний хувьд цаашаа сайн суралцахад маш том хөдөлгөгч хүч, боломж боллоо. Оюу Толгойн тэтгэлэг давуу талтай учраас маш их хичээж оролцсон” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Дашрамд өгүүлэхэд Оюу Толгой ХХК 2015 он гэхэд 200 оюутанд дотоодын, 30 оюутанд олон улсын их, дээд сургуульд суралцах тэтгэлэг олгохоор төлөвлөсөн юм.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.