Хэвлэлийн мэдээ: Эрчим хүчний гэрээ нь Оюу Толгой төслийн хувьд ихээхэн чухал үйл явдал мөн

– Оюу Толгойн уурхай үйлдвэрлэлээ товлосон хугацаанд нь эхлүүлнэ –

Монгол улс, Улаанбаатар хот – Өмнийн говьд байгаа Оюу Толгойн зэс, алтны уурхайг эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан нь уурхайн их бүтээн байгуулалтын нэгэн чухал үйл явдал боллоо гэж Оюу Толгой компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэж байна. Эрчим хүчтэй болсноор баяжуулах үйлдвэр удахгүй ашиглалтад орж улмаар төлөвлөсөн ёсоор 2013 оны эхний хагаст бүтээгдэхүүнээ зах зээл дээр гаргах боломжтой боллоо.

Монгол Улсад 6.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлсэн Оюу Толгой Хөрөнгө оруулалтын гэрээний 3 жилийн ойн дараахан энэ үйл явдал болж байгаагаар онцлогтой юм.

Эрчим хүчний гэрээ хэлэлцээ хийсэн баг нь Оюу Толгой компанийн хувь нийлүүлэгчдийн төлөөллөөс бүрдсэн ба Монгол улсын Засгийн газар, хөрөнгө оруулагчидтай нягт хамтран ажилласны үр дүнд энэхүү гэрээг эцэслэн байгуулж чадсан.

Монгол Улсын эрчим хүчний төвийн сүлжээ Оюу Толгойд шаардагдах эрчим хүчийг хангаж чадахгүй, мөн дэд бүтэц, үнэ өртөг зэрэг асуудлаас хамаарч ОХУ-аас эрчим хүч авах нь эдийн засгийн хувьд ашиггүй учраас БНХАУ-аас эрчим хүч худалдаж авч байгаа юм.

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей эрчим хүчний гэрээний талаар хэлэхдээ “Оюу Толгой төслийн хамт олны хувьд болон үйлдвэрлэлийг эхлүүлэхэд бас нэг том алхам боллоо. Монголын эдийн засгийн хамгийн том хөрөнгө оруулалт болсон энэхүү төсөлд шаардлагатай эрчим хүчийг баталгаажууллаа. Энэ бол маш чухал мөч төдийгүй Монгол улсын хувьд түүхэн үйл явдал боллоо” гэж онцлон тэмдэглэлээ.

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.