– Налайхын МСҮТ дадлагын шинэ төвөө нээлээ –
Монгол улс, Улаанбаатар хот – Монгол улсад өнөөдөр бүтээн байгуулалт ид өрнөж, уул уурхай эрчимтэй хөгжиж байна. Энэ бүхэнд хэрэгцээтэй, мэдлэг чадвартай, мэргэжилтэй ажилтан бэлтгэх хэрэгцээ ч гарч байгаа. Тиймээс шинээр сургууль барих, байгаа сургуулиудыг шинэчлэн сайжруулах, тоног төхөөрөмжөөр хангах, багш нарыг нь сургах шаардлага нэн тэргүүнд тавигдаж байна. Мэдээж энэ бүхэнд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тэгвэл Оюу Толгой ХХК Монгол улсын мэргэжлийн боловсролын тогтолцоонд хамгийн их буюу 126 сая ам.долларын (168 тэрбум төгрөг) хөрөнгө оруулалт хийж байгаа билээ. Энэ ажлынхаа хүрээнд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт Техник технологийн орчин үеийн жишиг сургууль барьж, тэнд одоо ажиллаж байгаа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд тоног төхөөрөмж хандивласан юм. Өчигдөр УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, яамныхаа мэргэжлийн хүмүүсийн хамт, мөн Оюу Толгой ХХК-ийн удирдлагууд Техник технологийн сургуулийн барилгын явцтай танилцаж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Дадлагын газрын нээлтэд оролцсон юм. Сургуулийн барилгын явц нь төлөвлөсөн хугацаагаараа 2013 оны 8 дугаар сард ашиглалтад орох бөгөөд Монголын үндэсний компани гүйцэтгэж байгаа юм. Техник технологийн жишиг сургууль нь хичээлийн байр, багш, сурагчдын дотуур байр, спортын талбай зэрэг цогц барилгатай, дэвшилтэт технологи, эрчим хүчний хэмнэлттэй, орчин үеийн механикийн системтэй байхын зэрэгцээ оюутан, сурагчдад ая тухтай сургалтын орчин бүрдүүлсэн байхаар төлөвлөжээ. Барилгын явцтай танилцсаны дараа Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Энэ сургууль ашиглалтад орсноор Оюу Толгой, Тавантолгой зэрэг бүтээн байгуулалтад оролцох мэргэжилтэй ажилтан бэлтгэх бололцоо бүрдэнэ. Энд оруулж байгаа хөрөнгө оруулалт бол боловсон хүчин бэлтгэхэд үр өгөөжөө өгөх томоохон ажил болжээ. Газар нь их зөв сонголттой. Оюутны хотхон барих бодлогыг жишиг болгон эхлүүлж байгаа нь их үр өгөөжтэй юм” хэмээн онцолж байлаа.
Оюу Толгой ХХК Мэргэжлийн боловсролын хөрөнгө оруулалтынхаа хүрээнд Налайхын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 200 гаруй сая төгрөгийн өртөг бүхий авто засвар, цахилгаан, гагнуурын тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн бөгөөд эдгээр төхөөрөмж дээр ажиллах орчин бүрдүүлэн Дадлагын төв байгуулж нээсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав хэлсэн үгэндээ “Оюу Толгой ХХК-ийн удирдлагуудад юуны өмнө талархлаа илэрхийлье. Орчин үеийн дадлагын тоног төхөөрөмж өгсөн явдал бол багш, оюун сурагчдын хүсэн хүлээсэн зүйл байсан гэж бодож байна. Та бүхний оруулсан хөрөнгө оруулалт бол Монгол улсын хөгжил дэвшил, үүн дотроо хүний нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой хөрөнгө оруулалт боллоо. Хөдөлмөрийн яам бодлогоо өөрчилж байгаа. Оюутан, сурагчид 30-40 хувийг сургалтын танхимдаа онолын мэдлэгээ үзээд, 60-70 хувийг дадлагын байр болон үйлдвэрлэл дээр хийх бололцоо бүрдүүлснээр чадварлаг ажидчид гарна гэж тооцож байгаа” гэж тодотгосон.
Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ын гишүүн Ч.Ганболд Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтын ажил төгсгөлийн шатандаа орж, үйлдвэрлэл эхлүүлэхэд бэлэн болоод байгаа үед Оюу Толгой компанийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд уулзаж байгаагаа илэрхийлж, Оюу Толгой зөвхөн уул уурхайн хөгжил биш, Монгол улсын урт хугацааны хөгжилд тулгуурласан олон талт үйл ажиллагааг дэмжин ажилладаг талаараа хэллээ. Мөн Монгол улсын техник мэргэжлийн боловсролыг дэмжин ажиллаж, дэлхийн түвшний сургалтын төвүүдийг байгуулах, мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг олон улсын стандартад нийцүүлэн сайжруулах, сургалтын хөтөлбөрийг боловсруулж, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, мэргэжлийн багш нарыг сургах ажлууд хийж байгаа талаараа ярилаа. Оюу Толгой ХХК Монголын ажиллах хүчин бэлтгэх хамгийн том сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, Монгол улсын хэмжээнд техник технологийн 3 жишиг сургууль шинээр барьж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 4 төвийг иж бүрэн сайжруулах юм.
Өнөөдөр мэргэжлийн сайн ажилтан бэлтгэхэд сайн багш төдийгүй дадлагын тоног төхөөрөмж хэрэгтэй. Тэгвэл Налайх дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв энэ талаар санаа зоволтгүй болж. Нэлээд олон ангид тоног төхөөрөмжөө суурилуулан, яг үйлдвэрлэл дээр дадлага хийж байгаа юм шиг орчиныг бүрдүүлжээ. Тус сургуулийн захирал Н. Барамсай эдгээр тоног төхөөрөмжүүдээ хөрөнгө оруулалтын хүрээнд шийдсэнээ хүмүүст танилцуулж байсан.
Ийнхүү Улаанбаатар хотын Налайх дүүрэгт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв хүчин чадлаа нэмэгдүүлж, шинэ дадлагын төвөө нээхийн зэрэгцээ ирэх оны намар Техник технологийн орчин үеийн цоо шинэ жишиг сургууль үүдээ нээх нь ээ.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.