– Энэ уулзалтыг тогтмол зохион байгуулж байна –
Монгол улс, Улаанбаатар хот – Оюу Толгой ХХК өнөөдөр бүтээн байгуулалтын ажилдаа Монголын олон зуун компанитай хамтран ажиллаж байгаа юм. Тиймээс худалдан авах ажиллагааны бодлого, зарчмаа гадаад, дотоодын бүх ханган нийлүүлэгчдэд ил тод, нээлттэй байлгадаг. Энэхүү ажлаа олон компани, нийлүүлэгчдэд илүү эрчимтэй хүргэхийн тулд сар бүрийн тодорхой хугацаанд орон нутаг болон Улаанбаатар хотод өөрийн худалдан авах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх уулзалт зохион байгуулж байна.
Оюу Толгой ХХК-д ханган нийлүүлэлт хийх хүсэлтэй иргэд, компани, үйлдвэрлэгчид энэ уулзалтад оролцон, худалдан авалтын бодлоготой танилцах төдийгүй хэрхэн ханган нийлүүлэгчээр бүртгүүлэх талаар дэлгэрэнгүй зааварчилгаа авах боломжтой юм.
Энэ талаар Оюу Толгой ХХК-ийн Үндэсний худалдан авалтын хөгжлийн хэлтсийн менежер Б.Сэржмаа “Оролцогчдод Оюу Толгой ХХК-ийн худалдан авах үйл ажиллагааны бодлого, үе шат, ханган нийлүүлэгчийн бүртгэл, хангамжийн хэлтсийн бүтэц бүрэлдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байгаа. Дашрамд хэлэхэд Оюу Толгой компанийн хангамжийн цахим хуудас нь ханган нийлүүлэгчидтэй харилцах гол хаалга бөгөөд үүгээр дамжуулан шинээр бүртгүүлэх боломжтой. Тиймээс нийт бизнес эрхлэгчид, ханган нийлүүлэгчдийг манай цахим хуудсаар байнга зочлохыг хүсч байна. Ингэснээр 2012 оны тендерийн төлөвлөгөө, тухайн үед нээлттэй зарлагдсан тендерийн зар, мэдээ мэдээлэл, ханган нийлүүлэгчийн амжилтын түүхтэй танилцана” хэмээн ярилаа.
Ирэх долоо хоногийн даваа гарагт буюу 10 дугаар сарын 22-нд Оюу Толгой ХХК-ийн Мэдээллийн төвд ээлжит уулзалт болно. Уулзалтын зарыг Монголын өдөр тутмын сонинуудаар урьдчилан зарладаг бөгөөд 10 дугаар сарын 22, 11 дүгээр сарын 5, 12, 19 болон 12 дугаар сарын 3, 10, 17, 24-нд тус тус зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.