Хэвлэлийн мэдээ: Уугуул иргэдийн соёл иргэншлийг орчин үеийн бүжгээр амилууллаа

‘Амин сүлд’ тоглолтыг Рио Тинто компани ивээн тэтгэлээ –

Монгол улс, Улаанбаатар хот – Монголын үзэгчид өнгөрсөн бямба, ням гарагт Австрали тивийн уугуул иргэдийн өвөрмөц соёл иргэншилтэй ‘Бангарра’ театрын ‘Амин сүлд’ тоглолтын бүжгэн жүжигтэй танилцлаа. Энэхүү тоглолтоор үдэш болж, нар шингэхээс эхлэн өглөө үүр цайх хугацаанд Австралийн уугуул иргэдийн амьдралын үйлийг чадварлаг бүжгээ илэрхийлэн харуулжээ.

Австрали тивийн эртний уугуул оршин суугчид хэрхэн аж төрж байсан түүхийг өгүүлэх энэ бүтээл нь өвөг дээдсийн онгон савдаг дуудах жаягийн ид шид хийгээд тэнгэр газрын дунд орших өлгий нутгийн уул ус, газар шороонд амьдрал хэрхэн үүсч, булаг шандын амин усаар хүмүүс хэрхэн өвчин шаналлаас аврагдаж байгааг сонирхолтой байдлаар харуулсан байна.

Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровоос тоглолтын талаар асуухад “Энэ тоглолтоос гал, ус, рашаан, утааны тухай Австралийн өвөг дээдэс бидэнтэй ойролцоо бодож байсныг мэдрээд, орчин үед ингэж илэрхийлж байгааг харснаараа дэвшил болж байна” хэмээн ярилаа. Энэ үеэр уулзсан үзэгч “Сэтгэл маш өндөр байна. Энэ хамтлаг уугуул нутгийн амьдралыг бүжгийн хэлээр маш гоё илэрхийлэхийн зэрэгцээ мэргэжлийн өндөр түвшинд бүтээлээ хийдэг нь харагдаж байна” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.

Хоёр өдрийн турш үзэгчдээр дүүрэн байсан ‘Амин сүлд’ тоглолтыг Монголын Урлагийн Зөвлөл, Рио Тинтогийн дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ.

Монгол, Австралийн хамтын ажиллагааны 40 жилийн ойн хүрээнд олон орны чадварлаг боловсон хүчний хамтын ажиллагааны үр дүнд Оюу Толгой төсөл амжилттай хэрэгжиж буйг Рио Тинто компани онцлон тэмдэглэж, хоёр орны гайхамшигт соёлыг харилцан таниулах, мэдлэгээ солилцох боломжийг олон нийтэд бүрдүүлэх зорилгоор энэ арга хэмжээг ивээн тэтгэсэн юм.

Дашрамд өгүүлэхэд, Бангарра бүжгийн театр нь 1989 онд байгуулагдсан бөгөөд жилд тайзны 110 уран бүтээл туурвиж, тоглодог аж. Тэд АНУ, Франц, Их Британи, Монако, Герман, Швейцарь, Канад, Япон, Өмнөд Солонгос, БНХАУ зэрэг олон орноор аялан тоглож байжээ.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.