Хэвлэлийн мэдээ: Оюу Толгой төслийн тухай бодит мэдээлэл

Монгол улс, Улаанбаатар хот – УИХ-ын нэр бүхий гишүүд Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийн талаар өчигдөр (2012.09.19) хэвлэлийн бага хурал хийсэн билээ. Тэр үеэр “хөрөнгө оруулагчид НӨАТ, экспортын татвар төлөхгүй” гэж мэдэгдсэн нь бодит байдлаас зөрж байгаа болно.

Оюу Толгой компани нь татварын ямар нэгэн хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэггүй. Өнгөрсөн онд гэхэд л 300 тэрбум төгрөгийн (251 сая ам.доллар) татварыг Монголын Засгийн газарт төлөөд байгаа болно. Оюу Толгой анхны орлого олж эхлэхээс өмнө Монгол улсын Засгийн газар нийт 900 тэрбум төгрөгийн (700 сая ам.доллар) татвар, төлбөрийг хүлээн авна.

УИХ-ын гишүүдийн мэдэгдэлд “… хэдийгээр монголчууд Оюу Толгойгоос 50-60 хувийн ашиг хүртэнэ гэдэг ч амьдрал дээр 30 xувийн ашиг авч чадахгүй” гэжээ.

Монгол улс татвар, байгалийн нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг хэлбэрээр Оюу Толгой төслийн нийт мөнгөн урсгалын 71 хүртэлх хувийг хүртэх тухай Олон Улсын Валютын Сангийн 2010 оны ‘Уул уурхайн санхүүгийн тогтолцоо’ тайланд дурьдсан байна. Гадны хөрөнгө оруулагчид анхны ашгаа олж эхлэхээс өмнө Монголчууд уг төслөөс олон тэрбум ам.доллар хүлээн авах нөхцлийг Хөрөнгө оруулалтын гэрээгээр баталгаажуулсан болно.

Хөрөнгө оруулалтын гэрээний талаар эргэлзээ байвал та бүхнийг цахим хуудаснаас Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний эх хувьтай танилцахыг уриалж байна.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар, Туркойз Хилл Ресурс түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Туркойз Хилл Ресурс, 34%-ийг Монгол улсын засгийн газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.